УИХ-ын Хяналтын хорооноос Хөгжлийн банкны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол тав дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдрийн сонсголд Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн 12 зээлд холбогдуулан 77 гэрчийг дуудсан байна.

Үүн дээр хянан шалгах түр хороон дарга Б.Энхбаяр хоёр гэрчийг нэмж дуудлаа. Тэрбээр “Изинис Эйрвэйз” ХХК-ийн зээлд холбогдуулан АТГ-ын дэд дарга асан, ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг, “Түмэн хишигтэн” ХХК-ийн зээлд холбогдуулж А.Баттөгсийг нэмж дуудав.

Дарааллын дагуу яг одоо “Изинис Эйрвэйз” ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг яг одоо ярьж байна.

Тус компанийн зээлд гэрчээр есөн хүнийг дуудсаны нэг нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшин ажээ. Тэрбээр тус компанид зээл олгох үед Хөгжлийн банкны захирлаар ажиллаж байсан юм. Гэрчээр дуудагдсан хэдий ч Г.Амартүвшин ирсэнгүй. Ажлын хэсгийнхний өгч буй мэдээллээр, “Прокурорын байгууллагад мэдүүлэг өгсөн. Хэрэг, мөрдөн байцаалтын нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн учир оролцох боломжгүй” гэдгээ түр хорооны даргад нэгдүгээр сарын 10-нд албан бичгээр мэдэгджээ.