ЗГХЭГ-ын дарга Д.Амарбасгалан  хүүхдийн мөнгөн тэтгэмжийн талаар мэдээлэл өглөө.

Түүний мэдээлснээр, өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийснээс хойш 21,513 өрх мэдээллээ залруулах хүсэлтийг цахимаар ирүүлсэн байна. Улаанбаатар хот болон орон нутагт 37,478 иргэн утсаар холбогдож өрхийн сангийн мэдээллээ нягталжээ.

22,389 иргэн сум, хороондоо биеэр ирж өрхийн сангийн мэдээллээ нягталжээ. Нийт дүнгээрээ 69,910 иргэн халамжийн нийгмийн ажилтнаар программ дээр өрхийн сангийн мэдээллээ шалгуулж, зөвлөгөө мэдээллийг авчээ.

Одоогийн байдлаар хүсэлт гаргасан 16,000 өрхийн мэдээллийг шуурхай засварласан байна. Сум, хороодод Засаг даргаар ахлуулсан хамтарсан буюу халамжийн нийгмийн ажилтан, улсын бүртгэгч нар иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөх ажлыг гүйцэтгэж эхэлжээ.

Тэрбээр “Нийт иргэддээ дахин анхааруулж хэлэхэд хүүхдийн мөнгө авах ёстой 91%-д хамрагдахаар байгаа иргэд тайван байх хэрэгтэй. Өрхийн мэдээллийн санд бүртгэлийн зөрүүтэй байдлын улмаас 91%-аас хасагдаад байгаа иргэдийн мэдээллийг залруулах ажлыг 14-21 хугацаанд хийнэ. Хүүхдийн мөнгө авах ёстой хүүхэд бүр мөнгөө авна, хохирохгүй. Иргэд хүлээцтэй хандаж төрийн ажил гүйцэтгэж буй нэгжүүдтэй хамтран ажилласны үр дүнд энэ бүх нөхцөл бий болох юм.

E-Mongolia систем хэвийн ажиллаж эхэлсэн. Иргэд нэг өдөр уг системд олноор хандсанаас ачаалал үүсэн саатал бий болсон. Энэ саатлыг ЦХХХЯ богино хугацаанд засаж, цаашдаа хэвийн үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн” хэмээн мэдээллээ.