2022 оны эцсийн байдлаар нийт зээлийн өрийн үлдэгдэл 22.2 их наяд төгрөг болж 11 дүгээр сарынхтай харьцуулахад 1.9 хувиар буурсан бол 2021 оны эцэстэй харьцуулахад 6.5 хувиар өссөн гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. 2021 оны эцсийн дүнгээр зээлийн жилийн өсөлт 21.2 хувьтай байсан бол 2022 оны эцэст ийнхүү өсөлт удааширсан байна.

2022 оны эхэнд Монголбанкны бодлогын хүү зургаан хувьтай байсан бол таван удаагийн хурлаар долоон нэгж хувиар нэмэгдүүлж, 13 хувь хүрээд байна. Ингэснээр Төв банкны үнэт цаасны үлдэгдэл өнгөрсөн оны эцсийн байдлаар 5.7 их наяд төгрөгөөр хэмжигдэж байв.

Арилжааны банкнуудаас олгосон 22.2 их наяд төгрөгийн зээлийн 53 хувийг иргэд, 45.6 хувийг байгууллагад олгосон зээл бүрдүүлжээ.

Зээлийн чанарыг бүтцийн хувьд 85.8 хувийг хэвийн зээл, таван хувийг анхаарал хандуулах зээл, 9.1 хувийг чанаргүй зээл бүрдүүлж байгаагаас харахад чанаргүй зээлийн хувь хэмжээ буурсан байна. Тухайлбал: чанаргүй зээлийн үлдэгдэл 2021 оны эцэстэй харьцуулахад 2.6 хувиар, 11 дүгээр сарын дүнгээс 14.4 хувиар буурч, хоёр их наяд 26.8 тэрбум төгрөгөөр хэмжигдэж байгааг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.