Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа-2” цогцолборт 1,200 хүүхдийн суудалтай шинэ сургууль ашиглалтад ороход бэлэн болсныг нийслэлийн Хөрөнгө Оруулалтын Газраас мэдээллээ.

Тодруулбал, Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны хүүхэд багачуудыг сургах ерөнхий боловсролын 163 дугаар сургуулийн барилга угсралт, дотор засал, гадна тохижилт, инженерийн шугам сүлжээ, камержуулалтын ажил бүрэн дууссан байна.

Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороонд сургуулийн насны хэдэн хүүхэд амьдардаг талаар болон шинэ сургууль хэзээ ашиглалтад орохыг тус хорооны Нийгмийн ажилтан И.Наранцэцэгээс тодруулахад “Манай хороонд сургуулийн насны 3,200 хүүхэд бүртгэлтэй байдаг. Хүүхдүүд маань өмнөх улиралд 89, 118, 60 дугаар сургуульд хуваагдан суралцаж байсан бол шинэ улирал эхлэхэд шинэ сургуульдаа суралцахаар болж байна” хэмээв.