УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн байдлын талаар Шадар сайд мэдээлэл хийв.

Мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал “Хэр хэмжээний мах бэлтгэгдээд байна вэ. Тухайн махыг зах зээлд нийлүүлэхэд нь яаж дэмжих вэ? Улсын хэмжээний өвс тэжээлийн нөөц ямар байгаа бол гэдгийг асуумаар байна. Хэрхэн шаардлагатай газар нь өвсийг хүргэх вэ. Тэжээлийн боломж нь ямар байна. Хэрэгцээг хангахын тулд яаж ажиллаж байгаа вэ?

Дараагийн нэг асуудал бол дизель түлш. Орон нутагт дизель түлш хангалтгүй байна. Шатахууны хангалтын тухайд онцгой анхаарахгүй бол болохгүй байгаа юм” гэдгийг хэллээ.

Харин Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Орон нутагт цас их орсон учир машин явах зам хүндрэлтэй байгаа. Зарим суманд дунджаар 1,500 орчим километр замыг гаргаад байна. Тиймээс зарим суманд улсын нөөцөөс шатахууны тусламж үзүүлж байгаа. Цаашид ч гэсэн тодорхой хэмжээнд үргэлжилнэ.

Зам, орц, гарц гаргахад том оврын автомашин дутагдалтай байгаа. Зарим аймагт том оврын автомашиныг түр хэрэглүүлэх талаар Батлан хамгаалах яамтай хамтран ажиллаж байгаа. Багануурын уурхайн дизель түлш тасалдсан асуудал гарсан. Гурван вагон түлшийг хүргүүлж арга хэмжээ авсан. Орон нутгийн онцгой комисстой Онцгой байдлын ерөнхий газар хамтарч ажиллаж байгаа” гэлээ.

ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун “Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс 130 тэрбум төгрөгийн гурван хувийн хүүтэй зээлийг махны нөөц бүрдүүлэхэд зарцуулахаар УИХ баталсан. Хэдийгээр гурван хувийн хүүтэй зээл олгох байсан ч 50 тэрбум төгрөгийг 12 ААН авч, мах бэлдсэн. Яагаад гэвэл урд жил нь ААН-үүд нөөцийн мах бэлдээд ханшийн зөрүүгээс үүдэн алдагдалд орсон.

Цаашид ХХААХҮЯ махны нөөцийг бүрдүүлэхгүй. Энэ асуудлыг аймаг, нийслэлийн байгууллага хариуцах ёстой. Худалдаа, зоорь, агуулах бүгд нийслэлд байдаг” гэв.