Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын хуульд орсон нэмэлт өөрчлөлтөөр 2022 оны буюу өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 1-нээс эхлэн иргэн хуулийн этгээдийн нийслэл дэх хоёр орон сууцыг үл хөдлөх хөрөнгийн албан татвараас  чөлөөлөн, гурав ба түүнээс дээш орон сууцанд албан татвар ногдуулах хуулийн зохицуулалттай болоод нэг жил өнгөрлөө.

Уг хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан арванхоёрдугаар сарын 1-нээс цахимаар төлбөр төлөх болсон.

Товчоор бол хоёр үл хөдлөхөд татвар төлөхгүй бөгөөд гурав дахиас нь татвар төлж эхлэх юм. Өнөөдрийн байдлаар гурваас дээш орон сууцтай 12973 иргэн байна. Мөн 498 аж ахуй нэгж гурваас дээш орон сууц эзэмшиж байна гэсэн судалгаа гарчээ.

Хэрэв та гурван үл хөдлөх хөрөнгө буюу орон сууц, хашаа байшинтай бол тухайн гурван орон сууцныхаа аль дээр нь татвар төлөхөө өөрөө сонгох боломжтой юм. Энэ эрх нь иргэдэд нээлттэй байдаг ажээ.

Одоогоор нийт 564 тэрбум төгрөгийн үнэлгээ бүхий орон сууцтай 480 иргэн татвараа төлөхөөр мэдүүлсэн байна.