© Tseg.mn. 2011-2022
Улаанбаатар

Ж.Энхжаргалан : Хэрэг бүртгэлийн шатанд яваа зөрчлийг нийгмээрээ шүүж, цаазладаг болж байгаа юм уу

BRB-ийн гүйцэтгэх захирал Ж.Энхжаргалан, гавьяат тамирчин Б.Наранбаатар, С.Эрдэнийн хүү Э.Энхцог  нарын залуус мөрийтэй тоглож, хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад буй. Тухайн хэрэгт холбогдоод буй залуус өнөөдөр /2022.10.27/ хэвлэлийнхэнд хандлаа.

Ж.Энхжаргалан: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагийн оройны 21.40 цагийн орчимд Оргил рашаан сувиллын эсрэг талд байрлах байранд найзындаа очсон. Тэнд бид ажил хэргийн уулзалт хийж, хоол идчихээд, 13 тоглосон. Хоёр цаг орчим хөзөр тоглож, 23.50 цагийн үе дуусгаж, айлаас гарсан. Тэгэхэд маск зүүж, нүүр амаа халхалсан  эрүүгийн мөрдөгч нар хаалган дээр ирчихсэн, зөрөөд орсон. Тухайн газар нь айлын гэр, зохион байгуулалттай тоглоомын газар биш. Мөрдөгч нар айлын гэрт дайрч орж ирсэн. Тэгээд гэрт байсан долоон залууг хана руу харуулж зогсоогоод, эд зүйлс, гар утсыг нь хурааж авсан. Биднийг 3-4 цаг зогсоож, гэрт нэгжлэг хийж, гал тогооны өрөөний ширээн дээр сэжигтэй гэх бүх эд зүйлсийг цуглуулж тавьсан. Тэр айлаас даалуу, хөзөр, четон, эмийн сан гарч ирсэн. Биднээс “зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу, үнэнээ хэл” гэж тулган шаардсан.  

Мөрийтэй тоглоомоос улбаалаад хар тамхи болоод явчихсан. Тэгээд Хан-Уул дүүргийн цагдаагийн I хэлтэс дээр аваачиж, бүх залуугаас хар тамхины шинжилгээ авсан. Биднээс ямар ч хар тамхи илрээгүй” хэмээн тухайн үед болсон үйл явдлыг тайлбарлалаа.

Мөн тэрбээр “Бид зохион байгуулалттай мөрийтэй тоглоогүй. Бид найзуудаараа цуглаж ажил яриад, тодорхой хугацаанд хоорондоо хөзөр тоглосон. Хэвлэлээр цацагдаад байгаа эд мөрийн баримтын зураг бол тэр айлын өрөөнүүдээс цуглуулж тавьсан эд зүйлс. Тэдэнд байсан долоон залуугийн түрүүвчнээс нийтдээ найман сая төгрөг гарсан.  Зохион байгуулалттайгаар гүйцэтгэх ажиллагаа явуулж, мөрийтэй тоглоом зохион байгуулсан, хар тамхи хэрэглэсэн хэрэгт унагах гэж байна.  

Бид хууль хяналтын байгууллага гүйцэтгэх ажиллагаанд алдаа гаргасан эсэхийг шалгуулна.  Хамгийн гол нь шүүхээр шийдэгдээгүй, танилцах шатандаа яваа зөрчлийн хэргийг хэвлэлээр зохион байгуулаллтайгаар тараасан. Энэ зөвхөн залуус хөзөр тоглосон асуудал биш боллоо. Монгол Улсад аливаа хэргийн гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад урьдчилж яллаж, нийгмээрээ цаазладаг болох юм уу. Энэ бусармаг үйлдлээ нэн даруй зогсоож, уучлалт гуйхыг сайтуудаас шаардаж байгаа”-гаа хэллээ. Мөн мэдээллийг задалсан хуулийн байгууллагынханд хариуцлага тооцохыг шаардлаа.

Харин гавьяат тамирчин Г.Наранбаатар хэлэхдээ " Юуны өмнө ийм асуудалд холбогдсондоо спортод хайртай ард түмэн, багш дасгалжуулагч, аав ээж гэр бүл, үр хүүхдээсээ уучлалт хүсэж байна. Тухайн өдөр юу болсон талаар Ж.Энхжаргалан тодорхой ярилаа. Биднийг үнэхээр хэлэмдүүлж байна. Ямар өөдгүй болсон нийгэм бэ.  Нийгэмд биднийг харлуулах гэж зохион байгуулалтайгаар хар тамхичин, мөрийтэй тоглоомчин мэтээр мэдээлэл цацлаа. Ард байгаа амьдралыг маань бодолгүй бидний гүтгэж байна. Би багш дасгалжуулагч хүн. Миний шавь нар болоод аав, ээж нь яаж хүлээж авах бол. Бид нэр төрөө сэргээхийн төлөө явах болно. Бидний дотор хар тамхи хэрэглэдэг нэг ч хүн байхгүй. Шинжилгээ авсан. Бүгд зүгээр гарсан. Тэгэхэд хар тамхичин мэтээр гэрээс сэтгэцэд нөлөөлөх төрлийн бодис их хэмжээгээр илэрсэн мэтээр мэдээлэл цацаж байгаад харамсаж байна. Нийгэмд ийм жишиг тогтох вий гэж эмээж байна. Биднийг цааш нь хана руу харуулж зогсоож байгаад эрүүгийн мөрдөгчид баахан орж, гарцгаасан. Тэгэхдээ юу юу хаана шургуулсаныг бид мэдэхгүй шүү дээ.   Хууль бус энэ ажиллагаатай эцсээ хүртэл тэмцэх болно" гэлээ. 

 

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..