© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Т.Доржханд: Засгийн газар нь өөрийнхөө багийг хэн нэгнээс хамааралгүйгээр байгуулах боломжтой боллоо

АН-ын зарим гишүүд 2019 онд ҮХНӨ-өөр “Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн “Давхар дээл”-тэй байхаар заагдсан зүйл заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзээд Үндсэн хуулийн Цэцэд гомдол гаргаад байсан юм.

Тэдний гомдлыг өнөөдөр Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар хэлэлцлээ. 

Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын хуралдааны шийдвэрийг дөнгөж сая  ХҮН-ын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржханд танилцууллаа. 

Тэрбээр "Парламентын түүхэнд маш том амжилт болж байна. Үндсэн хуулийн Цэц өнөөдөр Их суудлын хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар хоёр асуудал хэлэлцлээ. Нэгдүгээрт, 2019 онд Үндсэн хуульд оруулсан "давхар дээл"-ний асуудал нь зөрчил үүссэн. Зөрчлийг арилгах талаар мэдээлэл гаргасан. Харин Үндсэн хуулийн зөрчлийг арилгах шийдвэр гаргалаа. Үүнээс хойш Засгийн газар нь өөрийнхөө багийг хэн нэгнээс хамааралгүйгээр өөрөө байгуулах боломжтой боллоо. Энэ шийдвэр бол Их суудлын хуралдааны шийдвэр. Тогтоол гардаг, тэр тогтоолыг дагаж мөрдөх үүрэгтэй юм" гэлээ. 

Түүнчлэн "Хоёрдугаарт, УИХ-ын гишүүдийн тооны асуудал хөндөгдөж байна. 76 гишүүтэй байгаа тохиолдолд Засгийн газарт дөрвөн гишүүн ажиллах нь зүйтэй гэж Үндсэн хуульд өөрчлөлт оруулсан. Өнөөдөр энэ хязгаар нь байхгүй болчихлоо. Үндсэн хуулийн Цэцээс УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй, энэ асуудлыг шийдэх нь зүйтэй гэж туслаа. Энэ нь шинэ түүхэн үе бий болж байна" гэх мэдээллийг өглөө.

Ташрамд дуулгахад Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдааны шийдвэр бол эцсийн шийдвэр байдаг бөгөөд уг шийдвэрийг эсэргүүцэх эрх УИХ, Засгийн газар, Шүүх засаглал болоод өөр бусад ямар ч байгууллагад байдаггүй юм.  

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..