© Tseg.mn. 2011-2022
Дэлхийд

Борис Жонсон ажлаа өгөөд сэтгүүл зүйн салбарт ажиллахар төлөвлөжээ

Хэд хэдэн дуулианаас болоод огцрохоор зэхэж буй Британийн экс ерөнхий сайд Борис Жонсон хуучин карьертаа эргэн орж, сэтгүүл зүйн салбарт ажиллахаар төлөвлөжээ.

Daily Mail-ын редакци Жонсонд нийтлэлчээр ажиллах санал тавьсан гэнэ. Уг мэдээллийг ерөнхий сайдын төлөөлөгчид батлаагүй ч мөн үгүйсгээгүй аж.

Улстөрч Жонсон өмнө нь The Daily Telegraph-д нийтлэл бичдэг байсан бөгөөд Daily Mail түүнийг байнга шүүмжилдэг байв. Гэвч хэвлэлийн удирдлага солигдсоны дараа редакцийн бодлого өөрчлөгдөж, өдгөө тус хэвлэл Жонсоныг бүхий л хүчээрээ хамгаалж, олон нийтийн өмнө аятайхан харагдуулахыг хичээх болжээ. Тухайлбал, Daily Mail экс ерөнхий сайдыг парламентад мөрдөн шалгахгүй байхыг уриалдаг байна.

Борис Жонсон 1987 онд ар гэрийнхээ хэлхээ холбоог ашиглан Британийн хамгийн алдартай сонины нэг The Times-т ажилд орсон аж. Борисын эцэг Стэнли Жонсон нь 1970-аад онд Нэгдсэн Европын байгаль орчны бохирдлын хяналтын бүрэн эрхт төлөөлөгч байсан бөгөөд энэ нөлөөгөөрөө хүүгээ ажилд оруулжээ. Ирээдүйн ерөнхий сайд энэ ажилд удаан тогтоогүй. Тэрбээр эхний нийтлэлүүдийнхээ нэгэнд түүхч Колин Лукасын хэлсэн үгийг өөрөө хэлсэн болгож оруулж иржээ. Энэ асуудлаас болоод залуу сэтгүүлчийг алдартай хэвлэлээс хөөсөн байна. Тэр цагаас хойш Жонсон The Daily Telegraph-тай хамтран ажиллаж, илт шар мэдээлэл цацдаг болсон гэнэ. Жишээ нь тэрбээр Европын холбооны бэлгэвчний хэмжээ, гадилны муруйг стандартжуулах тухай төлөвлөгөөг гаргасан тухай зарлаж, евро мөнгөн дэвсгэрт эрэгтэй хүнийг бэлгийн чалхгүй болгодог гэж бичиж байжээ.

Сүүлд нь Британийн улс төр, төрийн зүтгэлтэн, Оксфордын их сургуулийн ректор, Хонконгийн 29 дэх амбан захирагч Крис Патен Борис Жонсоныг “Хуурамч сэтгүүл зүйн тод томруун төлөөлөгч” хэмээн нэрлэж байв.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..