© Tseg.mn. 2011-2022
Улс төр

Г.Занданшатар: Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай байна

УИХ-ын чуулганы хуралдааны эхэнд УИХ-ын дарга Г.Занданшатар инфляци, үнийн өсөлтийг судлах УИХ-ын ажлын хэсэг байгуулахаа мэдэгдлээ.

Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүд иргэд, сонгогчидтой уулзаж,  УИХ-ын 34 дүгээр тогтоолын дагуу Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн санал бодлыг тандан судлах ажлыг орон даяар хийлээ. Иргэдийн өмнө тулгарч буй хамгийн гол асуудал нь үнийн өсөлт байна. Эдийн засаг агшиж, бараа бүтээгдэхүүний үнэ өссөн нь иргэдийн худалдан авах чадварыг доройтуулж, амьжиргаанд сөргөөр нөлөөлж, ядуурал тэгш бус байдлыг улам даамжируулж байна. Энэ хэдийгээр гадаад хүчин зүйлээс шалтгаалсан ч үүнийг анзаарахгүй орхих эрх УИХ-д байхгүй. Дэлхийн нийтээр үүссэн цар тахлын нөлөөгөөр бий болсон тээврийн тасалдал, геополитикийн хурцадмал байдал нь 1990 оноос хойш байгаагүй хүнд цохилтыг өгч байна.

Инфляцийн түвшин 2021 оны 05 дугаар сард 6.2 хувь байсан бол өнөөдөр улсын хэмжээнд 15.1 хувь, Улаанбаатарт 16.2 хувь хүрлээ. УИХ-ын баталсан Төв банкны зорилтоос даваад гарсан байна. Инфляци 2.5 дахин өсөхөд бараа бүтээхүүн болон шатахууны үнийн өсөлт голлон нөлөөлж байна. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт 18 хувьд хүрсэн байна. Бүс нутагтаа хамгийн өндөр түвшинд хүрлээ.

-Төмс 970 төгрөгөөс 2500 болж, 2.5 дахин

-Лууван 2000 төгрөгөөс 4700 болж, 2.3 дахин

-Ургамлын тос 4300 төгрөгөөс 9500 болж, 2.2 дахин

-Байцаа 3000 төгрөгөөс 5200 болж, 1.7 дахин

-Элсэн чихэр 2700 төгрөгөөс 3750 төгрөг

-Атар талх 1280 төгрөгөөс 1700 төгрөг

-Сүү 2800 төгрөгөөс 3600 төгрөг

-Цагаан будаа 3650 төгрөгөөс 4600 төгрөг болж өссөн байна.  

Хүнс, бараа бүтээгдэхүүн орон нутагт очихдоо тээвэр, шатахууны зардал нэмэгдэж, илүү өндөр үнэтэй байна. 2021 оны 06 дугаар сартай харьцуулахад АИ92, АИ95 литр тутамдаа 1.6 дахин нэмэгдсэн байна. Энэ бол инфляцийн суурь шалтгаан болж байна.

Сүүлийн нэг жилийн хугацаанд нефтийн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ 1.7 дахин нэмэгдлээ. Хүнсний түүхий эдийн үнэ 76 хувиар өссөн байна. Үүнтэй холбоотойгоор инфляци дэлхий нийтийн зовлон болсон. АНУ, Европын холбоонд сүүлийн 40 жил гараагүй үнийн өндөр өсөлт ажиглагдаж байна. Үнийн өсөлт зөвхөн монголчуудын биш дэлхийн нийтийн эмзэг асуудал болоод байна.

Гэхдээ ард түмнээ төлөөлөх үүрэгтэй УИХ үүнийг зүгээр хараад сууж болохгүй. Өнгөрсөн 04 дүгээр сард баталсан Үнийн өсөлтийг хязгаарлах хуулийн хэрэгжилтийг дүгнэн үзэж, шаардлагатай зарим арга хэмжээг хэрэгжүүлэх боломжийг судлах хэрэгтэй байна.

Үнийн өсөлт ирэх намар хамгийн өндөр түвшинд хүрэх магадлалтай байгааг олон улсын шинжээчид анхааруулж байна.

Амьжиргааны өртөг 10 хувиар өсөхөд ядуурлын түвшин 34.3 хувьд хүрч, 211 000 хүн ядуусын эгнээнд шилжих эрсдэлтэй гэдгийг Дэлхийн банк, ҮСХ тооцоолсон байна. Тиймээс инфляцийг бууруулж, үнийн өсөлтийн дарамтыг бууруулах чиглэлээр УИХ-аас ажлын хэсэг байгуулж ажиллах нь зүйтэй гэж үзэж буйгаа илэрхийллээ.

  1. Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатарын ахалсан ажлын хэсэг зарим бүтээгдэхүүн, шатахууны үнийг бууруулахад авч хэрэгжүүлэх арга хэмжээг судална.
  2. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнийн санаачилсан Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах Түр хороог байгуулж, хуралдуул.
  3. Хил, гаалийн асуудлаар байгуулсан хяналт шалгалтын хороо өнөөдөр 100 цагаас хуралдахыг чиглэл болголоо.
  4. Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомстолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах хуулийн хэрэгжилтийг тооцож, шаардлагатай бол өөрчлөлт оруулах чиглэлээр ажиллана
  5. Мөнгө, төсвийн бодлогын хүрээнд инфляцийг бууруулахад чиглэсэн бодлогын арга хэмжээний саналаа УИХ-д танилцуулахыг Монголбанкинд даалгав.
  6. Мөнгөний бодлогын хүүг шаардлагатай бол нэмэгдүүлэх, Төв банкны зарим хөтөлбөрийг хумих бодлогыг судлах
  7. Төсвийн хэмнэлтийн хуулийн хэрэгжилтийг хянах
  8. Гадаад өрийн удирдлагын асуудлаар түр хороо байгуулж, цогц арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг чиглэл болгов.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..