
Монгол охин БНСУ-д 14-16 насны дөрвөн сурагчид зодуулж, хүчирхийлэлд өртсөн талаар бид өмнө нь мэдээлсэн. Тус хэрэгт холбогдсон дөрвөн охины гэм буруугийн шүүх хурал өнөөдөр /2022.1.13/ зургаан цагийн турш үргэлжилсэн байна. 2021 оны арваннэгдүгээр сарын 27-нд Ульсан хотын прокурорын зүгээс яллагдагч хоёр охиныг насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ялаас чөлөөлж, нөгөө хоёр охиныг эцэг эхийн хяналтад байлгах ял шийтгэлийг төлөвлөсөн байсан.
Өмнөд Солонгос улс дахь монголчуудын эрх ашгийг хамгаалах төрийн бус байгууллагын зүгээс хохирогч охины эцэг эхийн хамт БНСУ-н хэвлэл мэдээлэлд гомдол гаргасан. Өмнөд Солонгос улсын үндэсний телевизүүд шударга үнэний талд зогсож өгсний хүчинд уг хэрэг тус улс даяар цацагдаж, Хөх ордон, ЦЕГ, Хүний эрхийн өмгөөлөгчийн эрчимжүүлсэн ажиллагааны дор хэрэгт холбогдсон солонгос дөрвөн охинд тус бүр хүүхдийн хорих ангид ял эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.