
2021 оны сүүлийн барилдаан болох Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жилийн ойд зориулсан "Ерөнхийлөгчийн цом"-ын төлөөх барилдаанд 128 бөх зодоглосноос улсын харцага Б.Бат-Өлзий түрүүлж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн шилжин явах цомын эзнээр дахин тодорч, тус цомыг үүрд хадгалах эрхтэй болсон. Харин улсын гарьд М.Бадарч анх удаагаа тус барилдаанд үзүүрлэсэн бол их шөвөгт улсын заан Д.Анар, улсын харцага Т.Баасанхүү нар шалгарчээ.