© Tseg.mn. 2011-2022
Улс төр

" 100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлнэ

Тусгаар тогтносон бүрэн эрхэт Монгол Улсын эрх чөлөөт ард иргэд, элэг нэгт ахан дүүс, эрхэм хүндэт төрийн түшээддээ хандан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх  үг хэллээ. Тэрбээр, “Та бүхэндээ эрх чөлөөт, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны түүхт 110 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье. Энэ жил тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 1185 жил, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улс НҮБ-д элссэний 60 жил зэрэг олон түүхэн тэгш сайхан ойнууд тохиож байна.

Хөх Монголын хувь засаг эргүүлсэн түүхэн сэргэлт болох Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгал нь монголчуудын туурга тусгаар улсаа сэргээн байгуулах гэсэн олон жилийн мохошгүй хүсэл, тууштай тэмцлийн биелэл, үндэсний ухамсарын сэргэлт, ардын хувьсгалын үндэс суурь болсон түүхтэй.

Энэхүү түүхэн үйл хэрэгт ноёд язгууртан, лам хуврага, эгэл ард, бүх нийтээрээ эх оронч үзлээрээ эвлэлдэн нэгдсэн, үндэсний эв нэгдлийн хүч байсан юм.

Тусгаар тогтнолын төлөөх 13 жилийн тэмцлийн үр дүнд 1921 оны долдугаар сарын 11-нд ардын хувьсгал ялж, 1924 оны арваннэгдүгээр сарын 26-нд анхдугаар Үндсэн хуулиа баталж, хамжлагт ёс хаан засаглалын халж, харийн эзлэн түрэмгийлэгчдийг үлдэн хөөж, тусгаар тогтносон БНМАУ-ыг байгуулсан.

Эрхэм хүндэт ард иргэдээ нэгэн цагт дэлхийн талыг эзлэн, Монголын их амар амгаланг тогтоож явсан монголчуудын сэргэн мандах үндэсийг тавьсан энэхүү 1911 оны хувьсгал бол төрт ёсны, өнө эртний өв уламжлалтай, шаштир түүхэнд тэмдэглэгдсэн үеийн үед бүх нийтээрээ бахархан дурсаж, баярлан тэмдэглэвэл зохих түүхэн үйл явдал юм. Тиймээс жил бүр энэ өдрийг үндэсний баяр болгон тэмдэглэж байх шийдвэр 2006 онд гарч, 2011 оноос нийтээр тэмдэглэж ирсэн.

Түүхийг бүтээсэн Монгол Улсын баатруудаа эргэн дурсаж, гавьяа зүтгэлийг нь алдаршуулж, үйл хэргийг нь мөнхжүүлэх нь үр хойч бидний эрхэм үүрэг ажээ. Монгол улсын тусгаар тогтнол бүрэн эрхэт байдал нь зөвхөн газар нутаг, хил хязгаарын аюулгүй байдлаар хэмжигдэхгүй. Шинэ зуунд эх орныхоо эдийн засгийн аюулгүй байдлыг бэхжүүлж, тусгаар тогтнол бүрэн эрхэт байдлаа улам бататгах шаардлагатай. Энэ тэргүүнд цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээгээ улам сайжруулж, ард иргэдийнхээ амь нас эрүүл мэндийг хамгаалж, улс орныхоо эдийн засгийг сэргээн, хохирол багатай даван туулахад онцгой анхаарах ёстой.

Энэ эх үйлсийн эхлэл бол халамжаас хөдөлмөрт, олборлолтоос боловсруулалт, импортоос экспортод шилжих суурь реформыг хэрэгжүүлэх явдал юм. Энэ хүрээнд Монгол төрийн тэргүүний дэвшүүлсэн "100 жил 10 зорилт" хөгжлийн санаачилгыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах нь зүйтэй. Үүнд:

  1.  Эх орноо эрчим хүчний найдвартай эх үүсвэрээр хангах, эрчим хүч экспортлогч улс болох,
  2.  Газрын тосны бүтээгдэхүүн, түлш шатахууныг эх орондоо үйлдвэрлэдэг болох нефт, химийн аж үйлдвэрийг хөгжүүлэх,
  3. Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг бүрэн хангадаг болох,
  4. Хүнд ба хөнгөн үйлдвэрийг барьж байгуулан алт, зэс, төмөр бусад байгалийн баялагыг эх орондоо эцсийн бүтээгдэхүүн болгон боловсруулж, экспортолдог орон болох,
  5. Агаарын болон авто зам, төмөр зам, байгалийн хий зэрэг дэд бүтцийн үндэсний сүлжээг барьж байгуулах, олон улстай холбогддог транзит орон болох,
  6. Цахим үндэстэн, дижитал Монгол болох,
  7. Түүхэн болон байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх,
  8. Банк санхүү, хөрөнгө оруулалтыг хөгжүүлж, эдийн засгийн идэвхтэй тоглогч орон болох,
  9. Хот хөдөөгийн хөгжлийг хурдасган, улс орноо бүсчлэн хөгжүүлэх,
  10. Эх дэлхийгээ хайрладаг ногоон Монгол болно.

Иймээс УИХ, Засгийн газар эдгээр ажлуудад онцгойлон анхаарч ажиллах хэрэгтэй байна" гэлээ


Өнөөдөр Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсан түүхт 110 жилийн ой тохиож байна. Иймд түүхэн ойг тэмдэглэх хүндэтгэлийн чуулган Засгийн газрын ордны “Их хуралдай” танхимд өнөөдөр /2021.12.29/ боллоо. УИХ-ын чуулганы хүндэтгэлийн хуралдаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, УИХ-ын дарга Г.Занданшатар, Үндсэн хуулийн цэцийн дарга, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Засгийн газрын гишүүд болон Улсын ерөнхий прокурор зэрэг төрийн өндөр албан тушаалтнууд оролцлоо.

Мөн Монгол Улсад суугаа дипломат төлөөлөгчийн газрын тэргүүн нар, НҮБ, төрийн төрөлжсөн болон олон улсын байгууллагын Монгол Улс дахь суурин төлөөлөгч нар цахимаар уригдан хуралдлаа.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Уншиж байна ..