© Tseg.mn. 2011-2021
Улс төр

Мээрийн мэдрэмж ба хотын эдийн засгийн шинэ шийдлүүд

Дөрвөн уулын дундах улсын нийслэлд Монголын хүн амын талаас илүү нь оршин суудаг. Тэр хэрээр амьдралын сайн муу бүхий л өнгө, чимээ энэ Улаанбаатар хотоос гарч байдаг юм. Тэр утгаараа Улаанбаатар хотын асуудал гэдэг улсынх болдог.
COVID-19 цар тахлын үеэр ч энэ нотлогдож л байх юм. Халдвар энэ л нийслэлд дэгдэж, тарж улсыг, төрийг сандаргаж байна.
Гэхдээ цар тахал удахгүй дарагдана. Цаг яваад өнгөрнө, бид ард нь гарна. Харин тэр хүртэл, түүний дараа яаж амьдрах вэ, санхүү, эдийн засгийн байдлыг яаж тогтвортой, сайн байлгах вэ. Энэ асуулт ганц манайд дэлхий нийтийн “шүдний өвчин” болоод байгаа юм.
Тэгвэл Улаанбаатар хот энэ асуудлыг одооноос ярьж, зарим гарц шийдэлд хүрээд эхэлжээ. Хотын мээр Д.Сумьяабазар энэ сарын 25-ны өдөр эдийн засагчидтай цахим уулзалт хийсэн байна. Эдийн засагч Н.Энхбаяр, Ө.Ганзориг гэсэн сайн эдийн засагчидтай COVID19 цар тахлын үед нийслэлийн иргэдийн эрүүл мэндээс гадна хотын эдийн засгийг хэрхэн хамгаалах талаар ярилцжээ.
Хотын мээр Д.Сумьяабазар аж ахуйн нэгж, үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмээ сайн баримталбал цар тахлын энэ үед хатуу хөл хорио болон аливаа хязгаарлалт тогтоохгүйгээр хэвийн ажиллах бүрэн боломжтой. Энэ COVID-19-ийн дараах эдийн засгийн хүндрэлд бас нэг “вакцин” болно гэж үзснээ хэлжээ. Үүнтэй эдийн засагч Ө.Ганзориг, Н.Энхбаяр нар санал нийлсэн байна. Тэдний харснаар өнгөрсөн хугацаанд Монгол Улсын санхүү, эдийн засгийн бодлогыг тодорхойлдог байгууллагууд ямар нэгэн дорвитой арга хэмжээ авч, шийдвэртэй алхам хийгээгүй. Зөвхөн зээлийн хүүг бууруулснаас өөрөөр эдийн засгийг дэмжих алхам хийхгүй байгаа. Энэ нь олон сараар хаалгаа барьж, хязгаарлалтад орсон бизнесийн байгууллагуудын нөхцөл байдал улам муудахад хүргэж буй ажээ.
Тэгэхээр Хотын мээрийн зүгээс цаашид аль болох хөл хорио, хязгаарлалтаас татгалзах бодлого барина гэсэн үг.
Үүнээс гадна Улаанбаатар хотын санхүүгийн гарцыг тэлж, бие даасан бонд гаргах шийдлийг бас ярилцсан байна. Энэ нь нийслэлийн 220 мянга гаруй аж ахуйн нэгжийг дэмжих боломжтойг энэ уулзалтаар ярьсан байна.
Эдийн засагчидтай хийсэн уулзалтын маргааш Хотын мээр Д.Сумьяабазар “Хархорин” худалдааны төвд ажиллажээ. Тэрээр “Хархорин” худалдааны төвийн удирдлагуудтай уулзаж, энэ хүнд үед түрээслэгчдэд боломж, хөнгөлөлт олгох талаар ярьсан байна. Ингээд тус худалдааны төвийн түрээсийн төлбөрийг 2021 оны тавдугаар сарын 31-нийг хүртэл 20 хувиар хөнгөлөх шийдэлд хүрчээ. Энэ хөнгөлөлт ойролцоогоор тэрбум орчим төгрөг болж байгаа юм.
Хотын мээр 2021 оны нэгдүгээр сарын 22-ны өдөр гэнэт нэгэн захирамжийг гаргасан. Түүгээрээ 23-ны өдрөөс нийслэлд бүх төрлийн барааны худалдаа, үсчин, гоо сайхан, хумс заслын үйлчилгээг хязгаарлалтаас гаргаж, хэвийн горимд шилжүүлсэн юм. Үүнээс болж хөөрхөн “улс төр” болж шүүмжлүүлээд авсан.
Гэтэл Хотын мээр Д.Сумьяабазарын тэр шийдвэрийг санамсаргүй гаргаагүй болж таарч байгаа юм. Өөрөөр хэлбэл, эдийн засагчидтай хамтарч гаргасан шийдэл нь цаашид хөл хорио, хязгаарлалтаас зайлсхийж, аль болох үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх бодлого барьж улмаар Улаанбаатар хотын бие даасан бонд гаргаж аж ахуйн нэгжүүдийг дэмжихээр болж байна. Мээрийн мэдрэмж гэж болохуйц хотын эдийн засгийн шинэ шийдлүүд удахгүй ажил хэрэг болоод явах биз.
Харин хотын иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд ганц л үүрэг бий. Бид халдвар хамгааллын дэглэмээ л маш сайн барих ёстой юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин 2021.1.29 БААСАН № 21 (6498)
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..