© MonTimes.mn. 2011-2020
Улс төр

Танилц: Сонгуулийн Ерөнхий хорооны шинэ гишүүд

УИХ-ын өчигдрийн /2020.01.08/ чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус зарим гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон тул үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Харин оронд Б.Ганбат, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг томиллоо.

Хуульд зааснаар Сонгуулийн ерөнхий хороо нь есөн гишүүний бүрэлдэхүүнтэй байх бөгөөд тэдгээрийн хоёр нь орон тооны, долоо нь орон тооны бус байхаар заасан байдаг. Түүнчлэн тус хорооны гишүүний тавыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо, хоёрыг Монгол Улсын Ерөнхийлөгч, хоёрыг Улсын дээд шүүх төрийн жинхэнэ албан хаагчдаас санал болгосноор зургаан жилийн хугацаагаар томилдог билээ.

Тэгвэл чуулганы нэгдсэн хуралдаанаар бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болсон Б.Ганбат, Б.Билэгт, Д.Эрдэнэчулуун, Н.Дагва нарыг албан тушаалаас нь чөлөөлж, Б.Ганбат, Г.Байгалмаа, Э.Батболд, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг оронд нь томиллоо. Нэр дэвшигч Б.Ганбатыг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооноос, Г.Байгалмаа, Э.Батболд нарыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс, Д.Баяндүүрэн, О.Амгаланбаатар нарыг Улсын дээд шүүхээс  нэрийг дэвшүүлсэн юм.

Ингээд УИХ-аас томилогдсон Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус таван гишүүнийг танилцуулж байна.

Б.ГАНБАТ

Сонгуулийн ерөнхий хорооны орон тооны бус гишүүнээр томилогдсон Б.Ганбат нь хуульч, эрх зүйч мэргэжилтэй. 1990-1995 онд Дорноговь аймаг, нийслэлийн Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст төлөөлөгч, мөрдөн байцаагч,  1995-2013 онд Сангийн яамны Тамгын газар, Хуулийн хэлтэс, Төрийн захиргааны удирдлага, эрх зүйн газарт хуулийн зөвлөх, хуулийн ахлах мэргэжилтэн, газрын орлогч дарга бөгөөд хуулийн хэлтсийн дарга, яамны Хууль, эрх зүйн газрын орлогч дарга, газрын дарга, 2014-2018 онд Дэлхийн банканд эксперт, Монголын хуульчдын холбоонд өмгөөлөгч, Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга, Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирал, Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргаар тус тус ажиллаж байсан. 2019 оноос Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр өмнө нь Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр  ажиллаж байгаад бүрэн эрхийн хугацаа нь дууссан бөгөөд Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр улируулан томиллоо.

Г.БАЙГАЛМАА, Э.БАТБОЛД 

Монгол Улсын Ерөнхийлөгч Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн холбогдох заалтыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд даргаар ажиллаж байгаа Гочоосүрэнгийн Байгалмаа, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байгаа Эрдэнэбилэгийн Батболд нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгожээ.

Д.БАЯНДҮҮРЭН, О.АМГАЛАНБААТАР

Сонгуулийн төв байгууллагын тухай хуулийн дагуу Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас шүүгчдийн олонхын санал авсан Дугардоржийн Баяндүүрэн, Одонмажигийн Амгаланбаатар нарыг Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнээр томилуулахаар санал болгож, нэр дэвшүүлжээ. Нэр дэвшигч Д.Баяндүүрэн нь өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 29-нд болсон Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 93.7 хувийн санал авсан бөгөөд тэрбээр 2006 оноос өнөөг хүртэл Сонгуулийн ерөнхий хорооны Ажлын албаны даргаар ажиллаж байжээ. Харин нэр дэвшигч О.Амгаланбаатар нь Улсын дээд шүүхийн нийт шүүгчдийн хуралдаанаас 66.7 хувийн санал авсан бөгөөд 2018 оноос Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргаар ажиллаж байсан юм.

СЕХ-НЫ БҮРЭЛДЭХҮҮН

1. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн
2. Сонгуулийн ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Ц.Болдсайхан
3. Г.Байгалмаа  /Гишүүн/
4. Э.Батболд /Гишүүн/
5. Д.Баяндүүрэн /Гишүүн/
6. О.Амгаланбаатар /Гишүүн/
7. Б.Ганбат
8. Р.Содхүү
9. Ө.Энхтөр

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/500 тэмдэгт
НИЙТ СЭТГЭГДЭЛ (0)
Шинэ мэдээ
Их уншсан
Цаг агаар дуудаж байна...
Уншиж байна ..