• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 12-р сарын 15, Баасан

500 гаруй тусгай дуут, гэрэл дохио хэрэглэх зөвшөөрлийг цуцалжээ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/16 / Нийгэм

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэн дуртай нь тусгай дуут болон гэрэл дохио хэрэглэж байгаа зүй бус байдлыг таслан зогсоох хугацаатай үүргийг холбогдох байгууллагын удирдлагад өгсөн. Өнгөрсөн 15 хоногт 1920 байсан тусгай дуут, гэрэл дохионы зөвшөөрлийг 500 гаруйгаар цуцалсан гэж Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Засгийн газрын хуралдаанд танилцуулав.

 

Цагдаагийн алба хаагчид хяналт шалгалт явуулж тээврийн хэрэгслийн 80 гэрчилгээ, жолоодох эрхийн 64 үнэмлэх, 25 ширхэг тусгай гэрэл дохио хураан авч, 25 зөрчлийг засуулсан байна.

 

Мөн тусгай дуут болон гэрэл дохио ашигладаг төрийн болон тусгайлсан чиг үүрэгтэй байгууллагуудын үйлчилгээний зургаан автобаазын 778 тээврийн хэрэгслийг шалган 102 зөрчил илрүүлж, зөрчлөө засч хариу мэдэгдэхийг үүрэг болгожээ.

 

Цаашид “Тээврийн хэрэгсэлд тусгай дуут болон гэрэл дохио тавьж хэрэглэх журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчилсэн бүртгэлээр олгох, хяналт, шалгалтыг эрчимжүүлэх нь зүйтэй гэж Засгийн газрын хуралдаанаас үзлээ. Ингэснээр зөвшөөрлийн тоо дахин 500 гаруйгаар цөөрнө гэж ЦЕГ тооцжээ.

 

Товч мэдээ

 

·  Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2017 оны есдүгээр сарын 4-7-нд Владивосток хотноо болсон Дорнын эдийн засгийн III чуулга уулзалтад оролцож, ОХУ-д ажлын айлчлал хийсэн дүнг хэлэлцээд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд оруулахаар болов.

 

·  Дээд боловсролын сургалтын хөтөлбөр, диплом, эрдмийн зэргийг харилцан хүлээн зөвшөөрөх тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Куба Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийг баталлаа.

 

·  Хөдөлмөр нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрийн хүрээнд хийсэн нэмэлт хэлэлцээрийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг танилцууллаа. 

 

·  Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачилгын олон улсын байгууллагын гишүүний татварт шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусгаж байхыг холбогдох сайд нарт үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан