• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Хямралын менежмент ба сэтгэл хөдлөлийн улс төр

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/15 / Улс төр

2017 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛИЙН ДҮН ШИНЖИЛГЭЭ:

 
2017 оны 6 сард явагдсан Монгол улсын ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгуулийн үйл явцад Улс төрийн коммуникацийн хүрээлэнгийн гүйцэтгэх захирал, доктор, дэд профессор Ц.Мөнхцэцэг, Японы Тохокугийн их сургуулийн Зүүн Хойд Ази судлалын хүрээлэнгийн судлаач доктор Д.Бямбажав нар дүн шинжилгээ хийжээ.
 
2017 оны Монгол Улсын ерөнхийлөгчийн сонгууль УИХ-д суудалтай Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан Нам (АН), Монгол Ардын Хувьсгалт Намын (МАХН) төлөөлөл гурван нэр дэвшигчийн хооронд өрнөлөө. Энэ удаагийн сонгууль нь хэд хэдэн чухал онцлогтой байв. Үүнд:
 
 
Монгол улсын түүхэнд анх удаа ерөнхийлөгчийн сонгуулийн эхний шатанд нэр дэвшигчдийн хэн нь ч олонхийн санал авч чадалгүй хоёр дахь шатны санал хураалт явагдлаа.

 

 
Өмнөх жилийн парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулсан эрх баригч нам ялагдал хүлээв.

 

 
 
Сонгуулийн кампанид сөрөг сурталчилгаа, нийгмийн сэтгэл хөдлөлд чиглэсэн албан ба албан бус хэвлэл мэдээллийн хэрэгслийн тактикууд давамгайллаа.
 
Аль ч нэр дэвшигчийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн сонгуульд оролцсон иргэдийн хувь ихээхэн өндөр байв.
 
 
Улс орны өмнө тулгамдсан эдийн засгийн сорилт, хямрал сонгогчдын санаа бодолд маш хүчтэй нөлөөлдөг. Дэлхийн улс орнуудын ерөнхийлөгчийн болон парламентын сонгуулиудын нэгэн зүй тогтол бол хямралын үед явагдаж буй сонгууль эрх баригч намд сөргөөр нөлөөлөх хандлага хүчтэй байдаг явдал юм. Тухайн цаг үе дэх хямралын буруутныг олон нийт эрх баригч нам гэж үзэх хандлага түгээмэл байдаг. Тухайлбал энэ зүй тогтол 2016 оны УИХ-ын сонгуульд АН-д үйлчилж үнэмлэхүй ялагдал хүлээх нэг хүчин зүйл болсон.
 
Эдийн засгийн болон бусад хямралын шинжтэй үйл явцыг эрх баригч нам хэрхэн удирдаж, бодлогын үйл явц, хүлээгдэж буй үр дүнгээ танилцуулах улс төрийн коммуникаци нь хэрхэн хэрэгжиж буйгаас сонгуулийн дүн хамаарах өндөр магадлалтай болохыг зарим судалгаа харуулдаг.[1] Ялангуяа, эдийн засгийн хямралын үед улсын төсвийн зардлыг бууруулах, татвар нэмэгдүүлэх замаар орлогыг нэмэгдүүлэх зэрэг арга замууд нь сонгогчдын хувьд шууд амжиргаанд нь нөлөөлдөг учраас эрх баригч намд сөргөөр хандах чухал шалтгаан болдог. Хямралын шалтгаан, эзнийг тодруулж, буруутгах нь сонгуульд ялалт байгуулах чухал нөхцөл байж болох ч олон нийтийн дэмжлэгийг хүлээх, бататгахад улс төрийн нам хүчин, манлайлагчдын хямралын менежментийн бодлого, түүний улс төрийн коммуникаци чухал үүрэгтэй.
 
Тэгвэл эдийн засгийн хямрал нүүрлэсэн нөхцөл байдалд явагдсан ерөнхийлөгчийн сонгуульд оролцогч намууд хямралын менежментийг хэрхэн хийв, нэр дэвшигчдийн сурталчилгаа ямар байв, сонгуулийн үр дүнд нөлөөлсөн хүчин зүйлс юу байсан бэ гэдгийг энэхүү өгүүлэлд авч үзэв. Ингэхдээ олон нийтийн санаа бодлын судалгааны дүнгүүд, хэвлэл мэдээллийн мониторингийн судалгаа, хараат бус судлаачдын ажиглалт, хээрийн судалгааны дүнд үндэслэн дүн шинжилгээ хийлээ.

[1] Jeffry Frieden, Stefanie Walter. (2017) Understanding the Political Economy of the Eurozone Crisis. Annual Review of Political Science 20:1, pages 371-390; Kotnarowski, Michal, and Radoslaw Markowski. “Political Preferences in Times of Crisis: Economic Voting in the 2011 Polish Elections.” Acta Politica 49.4 (2014): 431–461.
 

Хямралын менежмент ба сэтгэл хөдлөлийн улс төр

 
НЭР ДЭВШИГЧДИЙН ИМИЖ, ХУВИЙН ШИНЖ ЧАНАР
 
Энэ сонгуульд нэр дэвшсэн гурван нэр дэвшигчийн хувийн шинж чанар, олны дундах имиж нь өөр хоорондоо ихээхэн ялгаатай байсан төдийгүй намаас нэр дэвшсэн үйл явц нь ч өөр өөр байв. Тухайлбал, АН-аас нэр дэвшигч Х.Баттулгын хувьд зургаан хүн өрсөлдсөн намын дотоод сунгаанаас тодрон гарсан бол МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар нам дотроос бус гаднаас орж ирж нэр дэвших эрх авсан юм. Харин МАН-ын хувьд М.Энхболд, Ц.Нямдорж хэмээх хоёр нэр дэвшигч нэр дэвшигчээ VIII бага хурлаар хэлэлцэж 85.7 хувийн саналаар М.Энхболдын нэрийг дэвшүүлэх болсон юм. Тус намын удирдлагад тогтвортой байр сууриа хадгалж ирсэн Ц.Нямдорж гишүүн, өмнөх Ерөнхийлөгчийн сонгуульд оролцож ялагдсан ч олон нийтийн дунд нэр хүнд харьцангуй өндөртэй байсан Б.Бат-Эрдэнэ гишүүн зэрэг Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх боломжтой нэр дэвшигч нар байсан боловч намын бодлогоор М.Энхболдыг сонгосон. Хэдийгээр М.Энхболд намаа удирдан парламентын сонгуульд ялалт байгуулсан боловч түүний хувь улс төрчийн нэр хүнд, чансаа нийт топ улс төрчид, түүний дотроос МАН-ын төлөөлөл дотор өндөр байгаагүй нь сүүлийн дөрвөн жилийн судалгаагаар харагдаж байна. Ялангуяа Улаанбаатар хотын иргэдийн хувьд М.Энхболдыг топ 10 улс төрчдийн эгнээнд багтааж байсан тохиолдол эдгээр жилүүдэд байгаагүй буюу олонхийн дэмжлэг авах магадлал тун бага болохыг үл ойшоон, зөвхөн УИХ болон орон нутаг дахь МАН-ын давамгайлал, сонгуулийн кампанит ажилд найдсан тал ажиглагдаж байна.
 
Ерөнхийлөгчийн сонгуульд намын хүчин зүйлээс илүүтэй нэр дэвшигчийн хувийн шинж чанар, хувь хүний хүчин зүйл онцгой үүрэгтэй байдаг. Тэгвэл энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн гурван нэр дэвшигчээс Х.Баттулга, С.Ганбаатар нар хувь улс төрчийнхөө хувьд популист шинжтэй, хувь хүнийхээ хувьд илүү танигдсан байсан бол М.Энхболд намын лидер гэдгээр олонд танигдсан болохоос хувь хүнийхээ хувьд олныг татах хүчтэй шинж чанар багатай улс төрч байв.
 
 
 

 
 
 
 
 


 
 
 
 
 




 
 
 
 
 
 
 
 
 
 
 
Иргэдийн дунд М.Энхболдын талаар “Олон улсын харилцаанд улс орноо төлөөлж ажиллахын хувьд нөгөө хоёроосоо илүү, хүний эвийг сайн олдог юм шиг байна лээ, улс төрийн мэдлэг, туршлага сайтай, боловсролтой” гэсэн эерэг үнэлэмж байсан ч “Биеийн хэл нь их шийдэмгий бус харагддаг, бусдын амыг харсан юм шиг, хотын хамаг газрыг зарсан хүн, УБ хотын дарга, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гээд бүх л албан тушаалыг л хашлаа. Юм хийхээр байсан бол хийх хугацаа, боломж зөндөө байлаа шт, одоо ерөнхийлөгч болоод яах юм” гэх мэтээр сонгуулийн үеэр  иргэдтэй хийсэн фокус ярилцлагын үеэр хүмүүс ярьж байв. Харин Х.Баттулгын талаар “амласандаа хүрдэг, хатуу чанд зантай, спортын хүн учраас шударга өрсөлддөг, улс төрийг цэвэрлэх ганц хүн, орос эхнэртэй гэсэн, гэхдээ аргаа ядвал бид Орос, Хятад хоёрын Оросыг л түших учраас орос эхнэртэй байж болно” гэх мэтээр эерэг үнэлэмж байсан бол “Төмөр замын мөнгө идсэн гэсэн, улс төрийг хэтэрхий бизнес талаас нь шийдвэрлэх гээд байдаг, Баянголын хэрэг гээд шалгагдаад байсан” гэх сөрөг мэдээлэл иргэдийн дунд байв.
 
Нэр дэвшигч С.Ганбаатарын талаар иргэдийн дунд “ҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч байхдаа ард иргэдийн төлөө их дуугарч тэмцсэн, МАНАН-гийн эсрэг дуугарах хүн, Эх орныхоо төлөө ганцаараа л дуугарч зүтгэж байгаа” гэсэн үнэлэлт түгээмэл байсны зэрэгцээ “нам сольсон, туйлбаргүй, ерөнхийлөгч болоход арай л жулдана, ерөнхийлөгч болбол УИХ-аас дэмжлэг авч чадахгүй” гэсэн сөрөг дүр зураг нэлээд байсан. Ерөнхийд нь үзвэл Улаанбаатар хот болон орон нутгийн иргэдийн дунд аль алинд нь М.Энхболдын рейтинг тааруу, сөрөг үнэлэмж давамгайлж байсан юм. Харин Х.Баттулга болон С.Ганбаатарын хувьд эерэг ба сөрөг үнэлэмж ойролцоо байв.
 
Ийнхүү хувь нэр дэвшигчийн имиж, олны дундах үнэлэлт сул учраас нөгөө хоёр нэр дэвшигчтэй харьцуулахад М.Энхболдын рейтингийг бүрдүүлэгч голлох дэмжлэг бол МАН-ыг тогтвортой дэмжигчид л байсан гэж дүгнэж болох юм. Харин Х.Баттулга болон С.Ганбаатар хувь улс төрчийнхөө хувьд иргэдийн дэмжлэгийг голлон авчээ.
 
СОНГОГЧДЫН ЗАН ҮЙЛ
 
Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх сонгуулиудаас ялгарах нэг онцлог нь сонгогчдын дийлэнх нэр дэвшигчид тодорсон цагаас л сонголтоо хийчихсэн, саналаа хэнд өгөхөө шийдээгүй хөвөгч сонгогч маш бага байсан явдал юм. Судалгааны дүнгүүдээс харахад сонгуулийн бүхий л хугацааны туршид хөвөгч сонгогчид 6-7 хон хувь байсан нь өмнөх УИХ болон ерөнхийлөгчийн сонгуулиудтай харьцуулахад маш бага үзүүлэлт юм. Өмнөх сонгуулиудын үеэр гурван хүн тутмын нэг нь санал хураалтын өмнөхөн саналаа хэнд өгөхөө шийдэж ирсэн байдаг. Тухайлбал, 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураалт эхлэхэд долоо хоног үлдээд байх хугацаанд хийсэн судалгааны дүнгээс харахад улсын хэмжээнд нийт сонгогчдын 29-31 хувь нь саналаа хэнд өгөхөө шийдээгүй байсан.
 
Харин 2017 оны ерөнхийлөгчийн сонгуулийн эхэн үеэс эхлэн хөвөгч сонгогчид цөөн,  дийлэнх сонгогчид гурван нэр дэвшигчид тэнцвэртэйгээр хуваагдсан байв. Сонгуулийн үеэрх судалгааны дүнгүүдээс үзэхэд сонгогчдын 90 орчим хувь нь сонгуулийн албан ёсны сурталчилгаа эхлэхээс өмнө саналаа хэнд өгөхөө нэгэнт шийдсэн байсан тул гурван нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа үндсэндээ сонгогчдын 10 орчим хувийн саналыг л татах гэсэн оролдлого байлаа.
 
 
 
СОНГУУЛИЙН ҮР ДҮНД НӨЛӨӨЛСӨН ХҮЧИН ЗҮЙЛС
 
М.Энхболдын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн шалтгаан хүчин зүйлсийг тоймлон харахад сонгуульд ялагдахад хүргэсэн хамгийн том гурван хүчин зүйл байна. Үүнд:
 
  1. Засгийн газрын нэр хүнд, олонд таалагдаагүй шийдвэрүүд буюу хямралын менежмент
  2. Сэтгэл хөдлөлийн улс төр
  3. Сонгуулийн кампанийн тактик
Энэхүү гурван хүчин зүйлийг дор тодруулан авч үзье. 
 
1. Хямралын менежмент 
     Иргэдийн дунд М.Энхболдын нэр хүнд унахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол 2016 оны УИХ-ын сонгуульд ялсан намын даргын хувьд ерөнхий сайд болоогүй  явдал юм. УИХ-ын сонгуульд МАН-ын мөрийн хөтөлбөр дэх олон нийтийг татсан нэгэн томоохон амлалтууд болох мэргэжлийн засгийн газрыг байгуулна, давхар дээлнээс татгалзна гэснийг олон нийт ихээхэн хүсэн хүлээж байсан бол Ж.Эрдэнэбат ерөнхий сайдаар тодорсон цагаас эхлэн хүмүүсийн итгэл алдарч эхэлсэн билээ. УИХ-ын сонгуульд ялсан намын даргын хувьд М.Энхболд ерөнхий сайд болох нь зүй ёсных атал төдий л танил бус Ж.Эрдэнэбатыг томилсноор намын рейтинг болон хувийн нэр хүнддээ ихээхэн хохирол учруулсан юм.
 
2. Сэтгэл хөдлөлийн улс төр 
     Иргэдийн дунд М.Энхболдын нэр хүнд унахад нөлөөлсөн нэг хүчин зүйл бол 2016 оны УИХ-ын сонгуульд ялсан намын даргын хувьд ерөнхий сайд болоогүй  явдал юм. УИХ-ын сонгуульд МАН-ын мөрийн хөтөлбөр дэх олон нийтийг татсан нэгэн томоохон амлалтууд болох мэргэжлийн засгийн газрыг байгуулна, давхар дээлнээс татгалзна гэснийг олон нийт ихээхэн хүсэн хүлээж байсан бол Ж.Эрдэнэбат ерөнхий сайдаар тодорсон цагаас эхлэн хүмүүсийн итгэл алдарч эхэлсэн билээ. УИХ-ын сонгуульд ялсан намын даргын хувьд М.Энхболд ерөнхий сайд болох нь зүй ёсных атал төдий л танил бус Ж.Эрдэнэбатыг томилсноор намын рейтинг болон хувийн нэр хүнддээ ихээхэн хохирол учруулсан юм.
 
3. Сонгуулийн кампанийн тактик
   Олон нийтийн санаа бодлын удаа дараагийн судалгаагаар иргэд шинэ сэргэг үзэл санаа, шийдлүүд, нийгэмд шударга ёсыг хүсч буй нь харагдаж байсан боловч М.Энхболдын сонгуулийн мөрийн хөтөлбөр, илтгэлд онцлон үзүүштэй, брэнд болохуйц зүйл байсангүй. Эв нэгдэл, тогтвортой байдлын уриа нь зөвхөн нийгмийн тодорхой нэг хэсэгт хүрсэн боловч зонхилох хэсэг буюу дунд, дундаас доогуур, бага орлоготой иргэдийн хувьд сонссоор ирсэн танил үгс л байсан болохыг гэр хороололд жирийн иргэдийн дунд судалгаа хийсэн гадаад судлаач тов тодорхой өгүүлсэн байна. Энэ нь Монгол Ардын Нам бусад намаас ялгарах үзэл суртал, улсын орны хөгжлийн чигийг тодорхойлсон алсын хараа гэхээр зүйлгүй болж хувирсантай холбоотой юм.

1. Хямралын менежмент...

Үргэлжлэлийг: niislel.mn

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан