• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Эдийн засгийн байнгын хороо хуралдлаа

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/14 / Нийгэм

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2017.11.14) хуралдаан 09 цаг 40 минутад 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаар Улсын Их Хурлын гишүүн,  Ажлын хэсгийн ахлагч Б.Баттөмөр танилцуулсан юм. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Ж.Ганбаатар, З.Нарантуяа, Б.Ундармаа, Л.Элдэв-Очир нар ажилласан бөгөөд хоёр удаа хуралдсан байна. Энэ хүрээнд зарим асуудлыг нягтлан үзэж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг бэлтгэжээ.

 

Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяа, Б.Жавхлан, Д.Тэрбишдагва, Я.Содбаатар, С.Оюунчимэг, Б.Дэлгэрсайхан нар асуулт асууж, Ажлын хэсгээс хариулт авсан юм. Засгийн газар болон Монголбанк хоорондын өр, авлагын талаар тодруулсан Улсын Их Хурлын гишүүн З.Нарантуяагийн асуултад 2017 оны гуравдугаар улирлын байдлаар Монголбанкны Засгийн газраас авах авлага 601 тэрбум төгрөг бол Засгийн газраас Монголбанкинд байрлуулсан харилцах хадгаламжийн хэмжээ 614 тэрбум төгрөг болохыг хэллээ. Банкны салбарын эрх зүйн орчныг өөрчлөх ажлын явцын талаар Улсын Их Хурлын гишүүн Б.Жавхлан тодруулахад Монголбанк одоогоор 11 хуулийн төслийг боловсруулан, Засгийн газраар дамжуулан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг дуулгав. Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар эдийн засгийн нөхцөл хүнд байсан, цаашид Төв банкнаас эдийн засгийн тэлэлтийг дэмжих үүднээс бодлогын хүүгээ бууруулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийллээ. Мөн зээлийн хүүг бууруулах чиглэлээр ямар ажил хийж буйг лавлав.

 

Үндсэн чиглэлийн төсөлд Монголбанк зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулан, хэрэгжүүлэх заалтыг тусгасан. Зээлийн хүү өндөр байгаа гэдэг үндэслэлээр олон нийтээс арилжааны банкууд руу сөрөг хандлага нэмэгдэж буй учраас арилжааны банкууд энэ асуудлаар санал гарган, Төв банк руу хандан санал тавьснаар зээлийн хүүг бууруулах стратеги боловсруулах ажлын хэсгийг байгуулжээ. Үргэлжлүүлэн ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эдийн засгийн өсөлтийг иргэдэд бодитоор хүргэх чиглэлээр Төв банкнаас хийж хэрэгжүүлэх ажлын талаар гишүүдийн тодруулсны дагуу ажлын хэсэг мэдээлэл өглөө. 

 

Дараа нь ажлын хэсэг болон Улсын Их Хурлын гишүүдээс Төрөөс мөнгөний бодлогын талаар 2018 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөлтэй холбогдуулан гаргасан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулан шийдвэрлээд чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан