• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

Математикийн олон улсын уралдаан ирэх сард болно

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/11 / Нийгэм
Сурагчдад дэлхийн математик боловсролын түвшин, чиг хандлагыг мэдрүүлэх, математикийн хичээлийн мэдлэг чадвар, оюун ухаанаа хөгжүүлэх, олон улсын хэмжээнд өөрийгөө сорьж, өрсөлдөх боломжийг олгох, математикийн хөгжлийг түгээн дэлгэрүүлэх, гадаадын улсуудтай харилцан туршлага солилцох, Монгол улсаа сурталчлах зорилгоор нийслэлийн Чингэлтэй дүүрэг, Олонлог төв сургууль, Олонлог академи сургууль, Олонлог экзе сургууль, Олонлог сэтгүүл хамтран Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн олон улсын уралдааныг зохион байгуулах гэж байна.
 
Тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны ойд зориулсан математикийн улсын уралдааныг Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Олонлог төв сургууль хамтран сүүлийн 5 жил тасралтгүй зохион байгуулж байна. Энэхүү уралдаан нь Монголын математикийн олимпиадын хорооны албан ёсны зөвшөөрөлтэй уралдаан бөгөөд багш, сурагчдын дунд нэр хүндтэй, хот хөдөөгийн олон сурагчид өрсөлддөгөөрөө онцлогтой юм.
 
Уралдаан нь үндэсний болон олон улсын ангиллаар зохион байгуулагдана. Монгол сурагчид үндэсний ангиллын уралдаанаас олон улсын ангилалд оролцох эрхээ авах бөгөөд үндэсний ангилал 2017 оны 12 дугаар сарын 16-нд зохион байгуулагдах бол олон улсын ангилал 12 дугаар сарын 22-27-ны өдрүүдэд явагдана.
 
Өнөөдрийн байдлаар Солонгос, Турк, Япон, Хятад, Оросын хот, дүүргүүдээс уралдаанд оролцох тухай урьдчилсан байдлаар мэдэгдээд байна.
 
Уралдааныг зохион байгуулах талууд өнөөдөр буюу 11 дүгээр сарын 10-ны өдөр хуралдаж зохион байгуулалтын асуудлуудаа хэлэлцлээ. Уралдааныг олон улсын хэмжээнд зохион байгуулах санаачилгыг Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд гаргаж, ийнхүү ажил хэрэг болж байна. Уралдаан нь дэлхийд Монгол Улсыг сурталчлах, Монголын математикчдын нэр хүндийг өргөх олон талын ач холбогдолтойг талууд онцолж байлаа.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан