• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Багш нар хугацаагүй ажил хаяна

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/10 / Нийгэм
Монголын боловсрол, шинжлэх ухааны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МБШУҮЭХ) энэ сарын 13 буюу ирэх даваа гарагаас эхлэн улсын хэмжээнд хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдлээ.
 
Монгол Улсын Засгийн газар, Олон улсын валютын сан (ОУВС)-тай хийсэн өргөтгөсөн санхүүжилтийн хэлэлцээрээр 2019 он хүртэл цалин, хөлсийг нэмэхгүй байхаар тохирсон юм. Тиймээс Засгийн газрыг ОУВС-тай дахин хэлэлцээр хийж, цалин нэмэх тохиролцоонд хүрэх, улмаар боловсрол, шинжлэх ухааны салбарын багш, ажилтнуудын цалинг 50 хувиар нэмэхийг тус холбоо шаардаж байна.
 
Ажил хаялтад нийслэлийн ерөнхий боловсролын 105 сургууль, шинжлэх ухааны 11 байгууллага, 161 цэцэрлэгийн багш, ажилтнууд нэгдэхээ илэрхийлсэн байна. Мөн хөдөө орон нутгийн ерөнхий боловсролын 72 сургууль, 56 цэцэрлэг нэгдэх аж. Цаашдаа энэ тоо улам бүр нэмэгдэх хандлагатай байгааг МБШУҮЭХ-ны дарга Д.Батзориг мэдээлэв.
 
Тэрбээр, “Багш нарын цалинг нэмүүлэх түр хороо өчигдөр мэдээлэл хийхдээ “Багш нарт 500 мянга гаруй төгрөгийн урамшуулал олгох болсон” гэсэн ташаа мэдээлэл хийсэн. Энэ мөнгөний 300 мянгыг 2017 оны төсөвт төрийн албан хаагчдын орлогыг нэмэхэд тусгасан 55 тэрбум төгрөгөөс олгох юм. Харин 200 мянга нь 2008 онд МҮЭХ-ноос БСШУСЯ-тай байгуулсан хэлэлцээрийн хүрээнд улирал тутамд олгодог урамшуулал. Тиймээс энэ бол багш нарын орлогыг нэмэхэд чиглэсэн алхам огтоос биш юм. Бид үндсэн цалингаа 50 хувиар нэмэх хүртэл ажил хаялтаа үргэлжлүүлэх болно” гэлээ.
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан