• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

“ДОХ ТАРААДАГ ТААВЧИГАА ШИНЖЛҮҮЛЬЕ”

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/08 / Нийгэм

Өөрийнхөө ядууг, улсынхаа хөгжихгүй байгааг Хятад улсаас эрж суудаг "нүд нь нээгдээгүй" Монголчууддаа үзүүлэх зураг байна. Үүнийг бичсэнээрээ Хятадын тагнуул, эсвэл Хятадад дуртай нэгэн биш юм. Бид хөгжлийн хувьд маш олон үзүүлэлтээр тэднээс дор яваа, сайныг нь олж харан туршлагыг нь нэвтрүүлэхийн оронд өөрсдийнхөө мууг тэдэнд нялж суусаар "гацчихаад" байна.

Хэдэн сарын өмнө миний бие Хятадын дөрвөн хотоор аяллаа. Гудамжинд алхах арван хүн тутмын найм нь та бидний үзэн яддаг made in china гэх бичигтэй Хятад таавчигаар "гангарсан" байгаа юм. Судалгааны төвийн дарга, эрдэмтэн багш, 4 настай хятад охин, худалдаачид гээд энэ таавчигийг нийгмийн давхарга бүрийн боловсролтой, боловсролгүй хөгшин, залуугүй бүгд өмсөх аж.

Харин сарын өмнө Хонг Конг улсад хоёр хонов. Нөгөө л made in china гэх бичигтэй Хятад таавчигийг монхор хамартай, өндөр шарууд хүртэл углажээ. Энэ таавчигийг Хонг Конгчууд их өмсөх юм аа гээд асуухад хямд бөгөөд хэрэглэхэд амар байдаг юм. Бүгд өмсдөг учраас үнэтэй брэндийн хувцас ч өмсөнө гэхгүй оффис дээрээ хүртэл өмсчихдөг гэх нь тэр.

Хонг Конгоос хөдлөөд Тайваньд ирэхэд бас л бүгд өмссөн байлаа. Онгоцны буудалд ирүүт л дээрээ нүхтэй өнгө өнгийн хамрен таавчикнууд "холхилдоно". Зүүн Азийн орнуудын мода юмуу гэлтэй. Гэтэл АНУ-д аж төрөх найз маань хүртэл энэ таавчигны хэрэглээ дэлхийгээр нэг тарсан байх аа. Миний очсон АНУ-ын гурван мужид ч энэ таавчиг "хогоороо" гэв.

Таавчигны тухай ингэж урт нуршсаны учир нь өнгөрсөн хавраас эхлээд энэ таавчигны тухай поост хэдэн мянгаараа шээрлэгдэж, "газар авч" байлаа. Учир нь энэ таавчигыг зөвхөн Монголчуудад албаар зардаг. Түүгээр зогсохгүй ДОХ өвчин тараадаг. Эрээнд байх бүх Монгол хүүхэд энэ таавчигнаас болж ДОХ туссан тухай пост. Өөртөө битгий хэл шинжлэх ухаанд ч итгэдэггүй Монголчууд маань муусайн Хятадууд биднийг л алах зорилготой хэмээн инээдмийн онигоо зохиож болохуйц үгээр поостыг нь чимж бусаддаа үзүүлэхээр омогшин түгээж байлаа. Яагаад ийм юм бэ? Бүх хүүхэд ДОХ-той юм бол сүүлд гурваар нэмэгдсэн ДОХ-ыг эс тооцвол олон зуугаараа ДОХ-той хүмүүс нэмэгдсэн тухай мэдээг Халдварт өвчин судлалын үндэсний төв яагаад мэдээлэхгүй байна вэ? ДОХ тараадаг таавчиг өмссөн зүүн Азийн орнуудын иргэд яагаад ДОХ тусахгүй байгаа юм бол? Тэр бүү хэл твитэрт нэгэн жиргээч таавчигийг зурж, доод хэсгээр нь ДОХ орж гардаг тухай хошигнон бичихэд үнэн бодит мэтээр фээсбүүкээр нэг дэвэрсэн билээ. ДОХ тараадаг таавчигаа шинжлүүлбэл яасан юм бэ? Эх орончдоо...

У.Болор

СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан