• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 24, Баасан

Улс төрийн гоц халдварт ХУВААГДАЛ

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/02 / Улс төр
Монголын улс төрд гоц халдварт хуваагдал хэмээх өвчин дэлгэрснийг улстөрчид өөрсдөө нийтэд зарлалаа. 2016 оны сонгуулиар УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй олонх болсон МАН-ын бүлэг тэхий дундуураа хоёр хуваагдаж, “32-ынхон”, “33-ынхан” гэсэн шинэ хочтой болцгоов.
 
МАН-ынхан өмнө нь “Элсний 13” гэх зэргээр фракцалдаг байсан бол одоо энэ хуваагдал бүр өргөжөөд гуч гучаараа чулуу шидэлцдэг болжээ. Ж.Эрдэнэбатын удирдаж байсан мэргэжлийн гэх тодотголтой Засгийн газрыг огцруулахаас үүдэлтэй энэхүү хуваагдал өдөр өнгөрөх тусам хүрээгээ тэлж, хор хөнөөл нь нэмэгдэж байна. Төрийн эрх барих дээд байгууллага болох УИХ ажлаа хэвийн явуулж чадахаа больж, төрийн ажил гацаанд оров. Зарим ажиглагч МАН доторх бүлэглэлийн барьцаанд орлоо гэж дүгнэж байна. Улсын төсөв, Ерөнхийлөгчийн хориг, хэлэлцүүлгээ хүлээн байгаа хуулийн төслүүд байран дээрээ таг гацав. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлж байгаа Засгийн газрыг элдвээр шахаж, буландаж байгаад “32-ынхон” болон “33-ынхан” хамтарч байгуулсан. Өөрөөр хэлбэл, Монголын улс төрийн түүхэнд анх удаа нэг намын эвслийн Засгийн газар байгуулсан гэж хэлж болно. Гэсэн ч төрийн ажлыг гацаасан бохир улс төр цэгцэндээ орсонгүй. Ерөнхийлөгч Х.Баттулга болон Тамгын газрын дарга З.Энхболд нь Засгийн газрын нэг гишүүнтэй дайн зарлаад ухаан сөхөө алга. 
 
МАН болон Төрийн ордон хавиар тархсан улс төрийн гоц халдварт хуваагдал маш хурдтайгаар тархаж байгаа нь олон нийтийг түгшээж эхэллээ. Халдварын хамгийн эхний бай нь нийслэлийн ИТХ, Засаг даргын Тамгын газар болов. НИТХ дахь МАН-ын бүлгийн 34 төлөөлөгч бас л 17:17 гэсэн харьцаатайгаар хуваагдаж орхижээ. Нэг намын харьяалалтай хэрнээ бие биеэ үзэж чадахаа байж, хуралдаандаа ирэхгүй болтлоо зөрчилдсөн байна. НИТХ-ын даргыг сонгох болоход яг ингэж 17:17-гоороо хуваагдчихаад баахан гацаа үүсгэсэн. Одоо ИТХ-ын Тэргүүлэгчид болон нэгдсэн хуралдаанаа хэд хэд зарлсан ч төлөөлөгчид нь ирэхгүй байгаагаас болоод нийслэлийн төр, захиргааны байгууллагуудын ажил бас л гацаж орхив. УИХ дахь МАН-ын бүлгийн ах нараасаа хуваагдлын халдвар тээсэн төлөөлөгчид Улаанбаатарын иргэдийг аз жаргалтай болгох амлалтаасаа ийн буцлаа. Аргаа барсан хүмүүс жаргаадаггүй юмаа гэхэд төрийн ажлыг гацаахаа болиосой хэмээн бухимдаж сууна. Хотын мээр Су.Батболд саяхан нийслэлийн МАН-ын хорооны дарга болж албан тушаалын дээлээ давхарласан боловч бүлгээ зангидаж, эв зүйг нь олж чадахгүй байгаагаас гоц халдварт хуваагдал хүрээгээ улам тэлсээр байна.
 
Үргэлжлэлийг: http://niislel.mn
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан