• Шуурхай мэдээ:
  • УЛААНБААТАР 7°C
  • 11-р сарын 23, Пүрэв

ММ АГЕНТЛАГИЙН ЗАХИРАЛ ЯВСАН М.ОЮУНЧИМЭГ УИХ-ЫН ГИШҮҮН БОЛООД ТОГООРУУГАА НУЛИМЖ БАЙНА

А.БАТЖАРГАЛ, tseg.mn
2017/11/01 / Улс төр
УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МҮОНТ 50 жилийн ойн “Алтан цамхаг”-ийн ард түмний тайзнаа “залраагүй”-дээ бухимдсаар байх уу
 
УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 2018 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2018 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн хэлэлцүүлэг явагдаж байна. УИХ дахь намын бүлгүүд дээрх төслүүдийг хэлэлцэх үеэр “тогоо руугаа нулимагч” нэгэн гарч ирснийг бусад гишүүн нь ихэд гайхширчээ. 
 
Учир нь, Үндсэний телевиз, тэр дундаа ММ агентлагаар овоглож ирсэн УИХ-ын гишүүн М.Оюунчимэг даваа гарагт болсон МАН-ын бүлгийн хуралдааны үеэр MNB Sport, MNB World сувгуудыг дэмжихгүй гэдгээ илэрхийлсэн байна. Түүгээр ч зогсохгүй хуулийн төсөлд тусгасан саналуудыг үгүйсгэж, чухам л зардал хэмнэж буй мэт сүрийг үзүүлжээ. Уг нь хагас зуун жилийн түүхтэй МҮОНРТ нь гадныхан бидний тухай онгон байгаль, хөдөөгийн ядуу амьдрал, хотын муу, муухай, алтан дээр суусан гуйлгачин гэх мэт агуулгаар хийсэн контентуудаар дамжуулан ойлгодог байдлыг өөрчлөхийг зорьж байгаа аж. Тиймдээ ч англи хэлээр мэдээ мэдээлэл бэлтгэн гадаадын үзэгч сонсогчдод хүргэх MNB World сувгийг нээн ажиллуулж, улс эх орныхоо түүх, соёл, улс төр, нийгэм эдийн засгийн байдал хөрөнгө оруулалтын орчны талаар эерэг мэдээллийг түгээх, сурталчлах, өнөөгийн Монгол Улсын хөгжлийг бодитоор харуулах, телевизийн контентийн хөгжилд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтэй хөл нийлүүлэн өрсөлдөх чадварыг нэмэх, гадаадын хөрөнгө оруулагчдын анхаарлыг татах зэрэг эерэг хандлага бий болгохоор зорилго тавин бэлтгэл ажлаа хангаад байгаа юм. 
 
Sport сувагтай болсноор бүх насныханд зориулсан спорт, өв уламжлал, эрүүл мэнд, танин мэдэхүйн телевизийн цогц хөтөлбөрийг бий болгож, үндэсний өв уламжлал соёлыг таниулах, нийтийн биеийн тамир спортыг сурталчлах, олон улс, тив дэлхийд болон Монгол Улсад зохиогдох олон улсын шинж чанартай спортын томоохон, цуврал тэмцээнүүдийг албан ёсны эрхтэйгээр үзэгчдэд шууд дамжуулан хүргэх ач холбогдолтой.
 
Гэвч олон нийтээс авч буй хураамжаас хэтрэхгүй байгаа тус байгууллага ирэх оны төсөвт эдгээр сувгаа нээн, үзэгчдийн хүртээл болгоход шаардлагатай тоног төхөөрөмж зэргийн төсвөө Монгол Улсын 2018 оны төсвийн төсөлд тусгаж өгсөн нь эрхэм гишүүн М.Оюунчимэгийн тарыг танихад хүргээд байгаа аж. 
Мэдээж УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажлын гараагаа 1995 оноос МҮОНТ-ийн ММ агентлагийн сэтгүүлчээр эхлүүлж, 1998-2001 онд “ММ” агентлагийн ерөнхий редактор-захирал, 2015 онд “Монголын мэдээ” агентлагийн захирлаар ажиллаж байсан. Үндсэндээ энэ их айлын буянаар олон жил айл бүрийн хойморт “заларч” явсан нэгэн учраас хамтран зүтгэгч бүлгийн гишүүд нь ихэд цочирдсон байна. 
 
Намын гишүүд нь байтугай нэг тогоонд хүчин зүтгэж, түүнийг сайн сэтгүүлч, мэргэжил нэгтнүүдийнхээ төлөө дуугарахыг нь хүлээж байсан МҮОНРТ-ийнхэн жинхэнэ “шок”-нд орно гээч нь болжээ. “Ишиг эврээ ургахаар эхийгээ мөргөнө” гэгчээр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг ажлын гараагаа эхлүүлсэн МҮОНТ гэх их айлыг өдгөө юман чинээ бодохгүй байгаа нь цаад утгаараа дэлхий нийттэй монголчуудыг холбох, гадныханд бодит мэдээллийг түгээх зэрэг ойрын боломжуудыг хааж байгаагаас өөрцгүй. 
 
Саяхан Унгар улсад болсон жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг л гэхэд монголчууд албан ёсны эрхтэйгээр үзэж чадахгүйд хүрч байсан. С1 телевиз шууд дамжуулах гээд бараагүй. Арга ядахдаа цахим ертөнцөөс л мэдээллийг нь үзэж байсан. Энэ талаар спорт сонирхогч бүр л мэдэж байгаа. Харин эрхэм гишүүн сэтгүүлч мэргэжилтэй ч өдгөө үүнийгээ умартчихаад MNB World, MNB Sport сувгийг үгүйсгэхээр зүтгэж байгаа нь харамсалтай. Ажиллаж, ард түмэндээ хүндлэгдэх хэмжээний эрхээ өвөрлөсөн МҮОНТ-ээ ингэж мартаж байгаа хүн сонгогдсон тойргоо мартаж, “матарлах” бол энүүхэнд бололтой. 
 
Түүгээр ч барахгүй УИХ-ын гишүүн М.Оюунчимэг МҮОНТ-ийн 50 жилийн ойн “Алтан цамхаг”-ийн ард түмний тайзнаа “залраагүй”-дээ бухимдсаар байна хэмээн хардах хүн ч олон байгаа юм. Учир нь МҮОНТ 50 жилийн ойгоо олон нийттэй тэмдэглэхийн тулд тайзнаа улстөрчдийг бус урлаг, соёлын алдартнуудыг урьж, хөтлөлт хийлгэсэн нь ард түмний тайз гэдгийг нь улам бүр бататгаж өгсөн. Уг нь тус телевизээс төрсөн хоёр улстөрч байдаг ч ууган телевиз ард түмэндээ үйлчлэхийг илүүд үзсэн хэрэг. Тиймээс тайзнаа гарч үг хэлж, уран бүтээлчдэд хандана хэмээн төлөвлөж байсан нь талаар болсонд өнөөг хүртэл гомдолтой яваа болов уу. Гэтэл тэрхүү ард түмний тайзнаа гарч чадаагүй гишүүн хариугаа хэтэрхий өндрөөр авах гэж улайрч байгаа хэрэг. Тэгээд ч МҮОНРТ гэх их айлын төсөв хөрөнгөөс танаж, MNB World, MNB Sport сувгийг үгүй хийснээр Монгол Улсын дэлхийд гарах гарцыг хааж байгаагаас ирэх оны төсөвт нэмэрлэж байгаа нь үгүй л болов уу.
 
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
СЭТГЭГДЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд tseg.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.
Таны нэр
Cэтгэгдэл
Шинэ мэдээ
Их уншсан