УИХ-ын үдээс өмнөх чуулганы нэгдсэн хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Сүүлийн 20 жилд соёлын бодлого алдагдсан гэж Ч.Номин сайд маш бодлоггүй үг хэлж байна. Хэдийгээр 23 жил бие даасан Соёлын яам байхгүй байсан ч соёлын бодлого алдагдаагүй. Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяанд байхдаа өнөөдрийн та бүхний ажиллаж байснаас хавьгүй илүү төвшинд ажиллаж байсан.
Соёлын яам байгуулагдаад гурван жил болсон байхад сахил хүртээд шал дордов гэдэг шиг бидний хүлээсэн хүлээлтэд хүрч ажиллаж чадахгүй байгаа гэдгийг хэлчихье.
Шинээр байгуулагдсан театрт нь 100 жилээ тэмдэглье гэхэд ширээ, сандал ч байхгүй байна. Танай яамнаас ганцхан Улаанбаатар хотод хийж байгаа ажлаа соёлын ажил гэж яриад байх юм” гэв.