УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийг хэлэлцэж байна.
УИХ-ын гишүүн Г.Ганболд “Оруулж ирсэн хуулийг харахад буруу байна. Соёлын бүтээлч үйлдвэрлэлдээ бүгдийг нь хамруулчихаж. Бүтээлч гэдэг нэрийг соёлын үйлдвэрлэл дотроосоо дэлхий дээр өрсөлдөхүйц дээр л дэмжлэг үзүүлж, хумих ёстой. Та нарын төсөөлж буйгаар жилд хэдэн залуучуудад, хэдэн төгрөг өгөх гээд байгаа юм. Улсын төсөвт дарамт болчих юм биш биз дээ. Олон тэрбум төгрөг гарна. Би мэдэж байна. Сангийн яам төсөв дээр энэ хэмжээний мөнгийг гаргаад явж чадах юм уу. Соёлын салбарын цалин нэмэгдсэн юм бол төрийн байгууллагуудыг нь төрдөө эргээд халтуур хийдэггүй болгож өгөөч ээ. Аймгийн 100 жил чинь төрийн наадам шүү дээ. Тэнд очиж төрийн соёлын байгууллагууд нь аймгуудыг төлбөртэй сурталчилдаг. Хуулиа жаахан хумиж, салбаруудаа тодорхой зааж өгөхгүй бол хэт ерөнхий болжээ” гэж үзэж байна.
Соёлын сайд Ч.Номин "Энэхүү хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын чиг хандлагыг судалсан. Юнескогийн суурь томилгоон дээр суурилсан. Өөрөөр хэлбэл, дэлхийн чиг хандлага, өөрийн орны нөөц боломж, ирээдүйн чигийг судалж байж хуулийн төслөө боловсруулсан.
Бид 176.0 мянган өсвөр насныхан “ваучер”-т хамрагдана гэж үзэж байгаа. 5-17 тэрбум төгрөгийн төсвийг зарцуулна гэсэн тооцоолол гарсан” гэв.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.