Хуралдаанаар Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай хэлэлцсэн. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж төлөөлөгчид асуулт асууж хариулт авсан юм.
ТӨЛӨӨЛӨГЧ С.ЭРДЭНЭБАЯР: БИД АСУУДАЛД УЛСТӨРИЙН ОНОО АВАХ БАЙДЛААР ХАНДАЖ БОЛОХГҮЙ
Нийслэл гэдэг их айл 1.5 сая хүний тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхэд олон санхүүгийн механизм ашиглах бодит бололцоо энэ хугацаанд ажиллаж байгаа НИТХ-ын төлөөлөгчид, Нийслэлийн Засаг дарга, түүний баг хамт олон Нийслэлийн Эрхзүйн байдлын хуулийг шинэчлэн батлуулснаар, мөн Нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталснаар бий болсон. Эдгээр эрхзүйн бодит боломжоо ажил хэрэг болгохын тулд ажиллаж байгаа ч, асуудал удаан явж байна гэдэг байр суурьтай байна.
Мэдээж Үнэт цаас гаргах, арилжаалах асуудал өөрөө олон хуулийн процедур, механизмтай. Тэр дагуу явж байгаа байх л даа. Тэгэхээр долоон үе шаттай явах зүйлийн эхний үе шат өнөөдөр дөнгөж хэлэлцэгдэж байна гэхээр үнэт цаас гаргах асуудалд нэлээн хугацаа орох нь гэж ойлгож байна.
Ер нь үнэт цаас гаргах, хотын хөгжлийн асуудал, ард иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх ажил зөвхөн нэг бүрийн эрхийн хугацаанд хийгдэх ажил биш юм. Бид асуудалд улс төрийн оноо авах байдлаар хандаж болохгүй.
ХОТЫН ДАРГЫН ОРЛОГЧ Ж.САНДАГСҮРЭН: ОЛОН ХҮЧИН ЗҮЙЛЭЭС БОЛЖ ҮНЭТ ЦААС ГАРГАХ АСУУДАЛ УДААШРАЛТАЙ БАЙГАА
Шат болгон дээрээ мэдээж асуудалтай. Хамгийн чухал нь Сангийн яамтай харилцах харилцаа байгаа. Сангийн яаман дээр бидний гаргах гэж байгаа бондын хугацаа, хүү, өгөөж, гол эргэн төлөлт дээр Сангийн яам, Засгийн газраас ямар байдлаар хангах вэ, тухайн зардлыг яаж хянах вэ гэхчлэн ярилцах зүйл өргөн хүрээтэй байгаа. Хоёрдугаарт, хөрөнгө татан төвлөрүүлэх үйл ажиллагаан дээр хөрөнгө оруулагч талуудтай Тендерийн хуулиараа тендерийн сонгон шалгаруулах ажиллагаа хоёр сар орчим үргэлжлэх учиртай. Эдгээр хүчин зүйлсээс болж хугацаа шаардагдах асуудлууд байна. Гэхдээ бид үүнийг богино хугацаанд шийдвэрлээд наймдугаар сард санал болгоно гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа.
ТӨЛӨӨЛӨГЧ Г.ГАНГАМӨРӨН: НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААСНЫ ТУХАЙ ТҮҮХЭН АСУУДЛЫГ ХЭЛЭЛЦЭЖ БАЙНА
Нийслэлийн үнэт цаас гаргаж, арилжаалах тухай нэлээн түүхэн асуудлыг өнөөдөр бид хэлэлцэж байна. Нийслэл ч бай, улсын ч бай төсөв өөрөө хязгаартай. Гэтэл хийгдэх, хэрэгжүүлэх, тулгамдаж байгаа асуудлууд их байдаг. Хэд дахин давсан хүмүүсийн хүсэлт хэрэгцээ их байна. Ийм ч асуудал, тийм асуудал шийдмээр байна гэдэг. Энэ нь эргээд төсөв мөнгөндөө уягдаад байдаг.
Нийслэл Улаанбаатарт тулгамдаж байгаа асуудал, тэр дундаа эрэмбийн хамгийн нэгдүгээрт байгаа түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах, авто замын түгжээг өргөтгөх, замын байгууламжуудын бүтээн байгуулалтууддаа хөрөнгө оруулалт татах зэрэг шаардлагын дагуу Нийслэлийн Үнэт цаасыг гаргах санаачлагыг хууль тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлээд явж байгаа гэдгийг тодотгон хэлмээр байна.
Тодорхой зарчмууд дээр асуулт байна. Нэгдүгээрт, үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг хэрэгжүүлнэ гэж заасан байдаг. Тэгвэл эдгээр зарчмыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?. Эхнээсээ бид зарчмаа тодорхой, ил тод, үнэт цаасаар орж ирсэн санхүүжилт төсвийн зарцуулалт, үр дүнг нийслэлчүүддээ хэлээд явах нь зөв байх.
ТӨЛӨӨЛӨГЧ Б.СҮХБААТАР: ХОТ ЗӨВХӨН НИЙСЛЭЛИЙН ТӨСВӨӨ ШҮТЭЖ ИРСЭН
Өнөөдрийн шийдвэр бол эцсийн шийдвэр биш. Бид иргэдийн хурлаараа дэмжээд явуулж байгаа. Цаашаагаа олон процесстой. Хот зөвхөн нийслэлийн төсвөө л шүтэж ирсэн. Бид нар тусдаа өөр эх үүсвэр, орлого гэж хайж ирсэн. Үнэт цаас гаргах тухай үе үеийн дарга нар ярьж байсан. Өнөөдөр энэ ИТХ, Засаг даргын үед түүхэн чухал шийдвэр орж ирлээ гэж бодож байна.
ТӨЛӨӨЛӨГЧ П.НАРАНБАЯР: НИЙСЛЭЛИЙН ҮНЭТ ЦААСНЫ АСУУДЛЫГ САНГИЙН ЯАМНЫ НЭГ ТҮШМЭЛ ҮЗЭГНИЙХЭЭ ҮЗҮҮРЭЭР ШИЙДЭХ ЮМ УУ?
ХҮН бүлгийн дүгнэлтээ уншчихсан. Ойлгож, дэмжиж байгаа. Хоёр зүйлийг л бодож, гайхаад байна. Нэгдүгээрт, “Сангийн яам руу ороод яаж ч магадгүй учраас, яаж ч магадгүй. Тийм учраас яаж ч магадгүй учраас бүдэгдүү юм хийгээд оруулчихая” гэх юм. Нутгийн өөрөө удирдлагын зарчим гэдэг чинь чухал шүү дээ. Нийслэлийн иргэдийн өмнө тулгарчихсан томоохон хэмжээний хөрөнгө оруулалт бүхий маш олон төсөл хөтөлбөрүүд байгаа. Ийм мөлийлгөсөн юмаар биш ядахдаа том таван асуудлыг нь ярьчихсан, нүүр нь харагдахуйц юм цааш нь оруулах ёстой юм биш үү. Эсвэл зүгээр Сангийн яамны нэг түшмэл үзэгнийхээ үзүүрээр шийдэх юм уу?. Танай нийслэл ийм юм ярихгүй, наад бондыг чинь ингэх ёстой гэх юм уу. Шал тэс хөндлөнгийн юм оруулж ирэх гээд ч байгаа юм уу.
Тэгэхээр ач холбогдлын жагсаалт гэж байна уу. Ач холбогдлын жагсаалтыг чухам хаанаас авсан бэ. Аливаа төсөл, бондын нүүр царайг харагдаж байх учраас эхнээсээ л ач холбогдлын жагсаалт явж байх ёстой.