Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн талаарх хэлэлцүүлэг өчигдөр Төрийн ордонд боллоо.
Хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь 7 бүлэг, 46 зүйлтэй бөгөөд зарчмын шинжтэй олон зохицуулалт тусгагджээ.
Тухайлбал хоёр удаа УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж огт оролцоогүй, хоёр жил дараалан санхүүгийн тайлангаа гаргаж өгөөгүй, удирдах дээд төлөөллийн төв байгууллагаа таван жилийн хугацаанд хуралдуулаагүй гэсэн нөхцөлүүдийн аль нэг нь үүсвэл улс төрийн намыг идэвхгүйд тооцож, төрийн санхүүжилтийг нь зогсоох мөн намын нэрээр сонгуульд орох эрхийг нь хязгаарлахаар тусгасан байна.
Улс төрийн намын орлогын эх үүсвэр аль болох олон эх үүсвэртэй байх, тухайлбал иргэдээс бага хэмжээний хандивыг аль болох олноор авах, гишүүдээсээ татвар авах, сонгуульд оролцсон амжилттайгаа уялдуулж УИХ-д авсан суудал, сонгуульд авсан саналтайгаа хувь тэнцүүлж төрийн санхүүжилт авна.
Төрийн санхүүжилт буюу мөнгөн дэмжлэгийг өмнө нь зөвхөн УИХ-д суудалтай намуудад өгч байсан бол энэ удаа УИХ-ын сонгуульд нийт сонгогчдын 2 хувиас доошгүй санал авсан бүх намуудад авсан саналтай нь дүйцүүлж хувилж өгөх, мөн дээр нь суудалтай намуудад бас суудлаар нь өгөх байдлаар зохицуулжээ.
Харин төрөөс үзүүлэх санхүүгийн шууд бус дэмжлэгт төрийн болон орон нутгийн өмчит байгууллагуудын анги танхимыг ашиглах, Олон нийтийн радио, телевизийн нэвтрүүлэгт жилд 30 минут хүртэл хугацаатай үнэ төлбөргүй оролцохоор хуулийн төсөлд тусгасан байна.
ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА ДЭЭР НАМУУДЫН ТӨЛӨӨЛЛҮҮД ЮУГ ОНЦЛОВ
Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намын дарга Ш.Төмөрсүх: Улс төрийн намууд Сонгуулийн ерөнхий хорооноос маш их хамааралтай байхаар хуулийн төсөлд тусгасныг эргэж харах, намыг цомхон болгоё гэсэн мөртөө намын байгууллагын харьяа гээд олон байгууллага байгуулахаар тусгасан нь өрөөсгөл байна.
Хуулийн төслийн 8 дугаар бүлгийн 5 дугаар зүйлд “Нам бодлого, үйл ажиллагаандаа эмэгтэй, ахмад, залуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нийгмийн сонирхлын бүлгүүдийн төлөөлөл, оролцоог хангаж ажиллана” гэж заасан атлаа “эрэгтэй” гэж заагаагүй байна.
ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга П.Ганзориг: Сонгуулийн саналын хуудаст улс төрийн намуудыг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар бичдэг тогтолцоог халах хэрэгтэй.
Сонгуулийн зорилгоор эвсэл байгуулж ороод тарах тохиолдлыг хуулиар зохицуулж өгөх, улс төрийн намуудын төлөвшил, хяналт, хариуцлагыг сайжруулаад ил тод байдлыг бий болгоё гэж байгаа бол намын дэргэд байгуулдаг янз бүрийн холбоод түүгээрээ дамжуулж санхүүжилт авдаг, тэр нь ил тод биш байдаг байдлыг хаах ёстой.
Улс төрийн намуудыг гарааны тэгш байдал үүсгэх, мөнгөний нөлөөллийг багасгах заалт зохицуулалтууд орсон хэдий ч шууд бус дэмжлэг гэдэгт Үндэсний олон нийтийн радио, телевизээр жилд гучхан минутын үнэ төлбөргүй нэвтрүүлэгт орно гэдэг нь бага байна.
Монголын Социал Демократ Намыг төлөөлж А.Ганбаатар, Монголын Уламжлалын Нэгдсэн Намын дарга Б.Батболд нар: Улс төрийн намын тухай хуулийн зорилго бол иргэдийн эвлэлдэн нэгдэх эрхийг л баталгаажуулж, хатуу гишүүнчлэлийг халах ёстой.
Иргэдийн Оролцооны Нэгдэл Намын дарга Ц.Оюунгэрэл: Нам бол иргэдийн эрх дээр байгуулагддаг, эвлэлдэн нэгдэх эрхийн субъект. Энэхүү эрхийн субъектийг төрийн албаны чиг үүрэгтэй болгох гээд байгааг хасах, сайн дураараа эвлэлдэн нэгдсэн иргэдэд заавал хуулиар шийтгэл ногдуулах шаардлагагүй. Намыг идэвхгүйд тооцох гэдэг зүйлийг тэр чигээр нь хасах хэрэгтэй.
Сайн Ардчилсан Иргэдийн Нэгдсэн Намын дарга Б.Жагар: Бусад намдаа улс төрийн боломж олгож нэг гараанаас эхлэх зохицуулалт тусгамаар байна.
ШИНЭ намыг төлөөлөл болон Бүгд Найрамдах Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Зоригоо: Хуулийн төсөлд улс төрийн намын үйл ажиллагааг хэтэрхий нарийвчилсан байгаа нь зохисгүй бөгөөд үүнийг намын дүрмээр зохицуулж болох зүйл.
УИХ-ын гишүүн асан Ц.Товуусүрэн: Хуулийн төсөлд намыг хэтэрхий загварт оруулах гэсэн зүйл тусгагдсаныг зохицуулж, нам үүсгэн байгуулах нөхцөл нь хялбар байх талаар тусгаж өгөх хэрэгтэй хэмээцгээв.