УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Төрийн албаны тухай, Төрийн хэмнэлтийн тухай, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Т.Доржханд “Цалин тэтгэвэр нэмэх асуудал дээр хэлэхэд, иргэдийн дунд хүлээлт байх шиг байна. Гэхдээ бодит орлогын эх үүсвэр болж чадах уу гэдэг асуудал байна.
Нэгдүгээрт, өнөөдөр инфляци 11.3 хувьтай буюу маш өндөр байгаа. Гэтэл ахиад зах зээлрүү 1.8 их наяд төгрөг хийх гээд байна. Үр дүнд нь инфляци өснө. Харин иргэдийн бодит орлого өсөх үү, үгүй юу гэдэг дээр асуултын тэмдэг гарч ирж байгаа. Мөнгөний бодлогын орон зай улам л хумигдаад байгаа. Ганцхан арга нь бодлогын хүүгээ л өсгөх шүү дээ.
Хоёрдугаарт, нүүрсний экспорт энэ жил өссөн болохоор буюу төсөөлөл өөдрөг болчихоод эх үүсвэртэй болчихсон мэтээр бодоод байх шиг байна. Гэтэл өнөөдөр яагаад ийм байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ.
АНУ, БНХАУ-ын худалдааны асуудал хүндрэлтэй хэвээр байгаа. Австрали нүүрсээ нийлүүлэхгүй байгаа. 100-120 сая тонн нүүрс нийлүүлэхгүй болохоор бидэнд орон зай гарч ирчихээд байна. Гэхдээ энэ байнга үргэлжлэхгүй ш дээ. Өнөөдөр бид зарлагынхаа тэлэлтийг хийчихээд дараа нь орлогоо алдсан тохиолдолд иргэдэд эргээд л дарамт болж ирнэ. Тэгэхээр нүүрсний салбар дахь орлогын төсөөллөө яаж харж байгааг асуумаар байна. Хятад бол 300 сая тоннын л хэрэглээтэй. Ийм байхад бид нарын зах зээлээс оросууд хуваачихсан, өрсөлдөөн үүсч байгааг мартаж болохгүй
Гуравдугаарт, тэтгэврийн асуудал байна. Нийгмийн даатгалын сан 4 их наядын алдагдалтай байгаа. Цаашаагаа ийм алдагдалтай байвал ачааллаа дийлэхгүй. Ингээд хэлчихээр Т.Доржханд гишүүн “Тэтгэврийг буулга” гэлээ гээд мушгин гуйвуулаад байх юм. Эсрэгээрээ энийг цогц байдлаар, тэтгэврийнхээ реформыг хийгээд, хуримтлуулаад явъя гэдэг агуулгаар л бид яриад байгаа шүү дээ” гэв.