УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2023 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2024-2025 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг явуулж байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Эдийн засгаа тэлж, бүтээмж нэмсэний үндсэн дээр цалин нэмэх ёстой. Манайд бол бүтээмж байхгүй байгаа. Дэлхийн эдийн засаг хүнд байгаа, манайд ч ялгаагүй. Цаашдаа нэлээн бодит эрсдлүүд байгааг харгалзан үзэх ёстой. Дэлхийн хэмжээнд түлш, эрчим хүчнээс хамаарсан инфляци буурч байгаа ч үйлчилгээнийх буурахгүй байгаа. Харин манай аль алиных нь инфляци буурахгүй байгаа. Зээлийн хэмжээ өсч байна. Зээл авахаас ч өөр арга алга. Төгрөгийн ханш суларч байна. Үүнээсээ болж төгрөгт итгэх итгэл буурч байна. Вальютын хадгаламж сүүлийн жилүүдэд өсч байна. Тиймээс Төсвийн тодотголтой холбоотой эрсдлүүдийг маш сайн удирдаж, хянаж ажиллах шаардлагатай” гэв.