Ерөнхий сайд асан С.Баяр Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарт хандан "Х.Нямбаатар сайд аа. 2009 оны Оюутолгойн гэрээнд "хуумгай" заалт нь яг юу юм? УИХ-ын 57-р тогтоолд бүхнийг нийцүүлэх гэж манай Засгийн газар зүтгэсэн. Оюутолгойн гэрээнд гэхээсээ эл гэрээний хэрэгжилтийн хяналтад дараа дараагийн Засгийн газрууд "хуумгай" хандсан учраас сөрөг олон асуудал үүссэн гэж ойлгодог. Би буруу ойлгоод байна уу? Юутай ч "Орано"-тэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл боловсруулах чухал үүрэг хүлээж буй танд амжилт хүсъе" хэмээн тайлбар хүсэж, олон нийтийн сүлжээнд нийтэлсэнд Х.Нямбаатар сайд дараах хариултыг өгчээ.
Тэрбээр "Энд тодотгож хэлэхэд ОТ гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон. Олон нийтийн зүгээс "Орано" групптэй хийх Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа Оюутолгойн гэрээ шиг хуумгай хандаж болохгүй" гэдэгт Оюутолгойн гэрээний ямар нэгэн хуумгай заалт гэсэн агуулга байхгүй. Хуумгай заалт гэвэл жичид нь ярьж болно.
Оюутолгойн гэрээ гэдэгт Оюу толгой төслийн Хөрөнгө оруулалтын гэрээ, Нэмэлт өөрчлөлт оруулсан, дахин тодотгосон хувь нийлүүлэгчийн гэрээ, Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн нэмэлт төлөвлөгөө, Менежментийн гэрээ зэрэг баримт бичгүүдийг хамтатган ойлгож байна.
Оюутолгойн гэрээ хуумгай биш "Хуудуутай" гэрээ болсон.
УИХ-ын 57 дугаар тогтоолоор Засгийн газарт өгсөн чиглэлийг тухайн үеийн Монголын талын төлөөлөл бүрэн хангаж ажиллаагүй, тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан хуулийн зарим заалтыг зөрчсөн, хөрөнгө оруулагч талд давуу байдал олгосон гэх дүгнэлтүүд шалгалтын явцад гарч байсан.
"20,000 хувьсагчтай" санхүүгийн загвараас шалтгаалж өнөөдрийг хүртэл ТУЗ дээр жил бүрийн санхүүжилтийн төлөвлөгөө батлахад хүндрэл үүсдэг. 34 т ногдох үүссэн зээлийн төлбөрийг тэглэх хүртэл төслийн үйл ажиллагаа хэдэнтээ зогсож, гацаж байсныг санах хүн олон болов уу. Анхнаасаа олон улсын зөвлөх үйлчилгээ аваад дорвитой хэлэлцээр хийсэнсэн бол өдийд бид дахин дахин хэлцэж, хэрэлдэхгүй явах бсан биз" гэжээ.