УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар Монгол Улсын 2023 оны төсвийн тодотгол болон Сонгуулийн тухай хуулийг хэлэлцэж, гишүүдийнхээ байр суурийг нэгтгэсэн байна.
Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн "Засгийн газраас УИХ-д төсвийн тодотголыг өнгөрсөн долоо хоногт өргөн барьсан. УИХ хэлэлцэх эсэхийг шийдсэн. Төсвийг энэ долоо хоногт хэлэлцэж дуусгана.
Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг хийгдсэн. Энэ хэлэлцүүлэг хийгдэх үед нэг хүйсийн байх доод хэмжээ 40-өөс доошгүй байна гэдэг санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотой асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцээд, жендерийн квотыг 30-аас доошгүй байх нь зүйтэй гэсэн саналыг бүлгээс дэмжиж шийдвэрлэсэн" гэв.