УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болж байна. Хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 03 дугаар бүхийн дүгнэлтийг хэлэлцэж байна. Энэ дүгнэлтэд хууль хүчний байгууллагууд гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа иргэдийг тагнан мөшгөхдөө тусгай тоног төхөөрөмж ашиглан хувийн мэдээллийг нь олж авах асуудлыг хөнджээ. Эдгээр тоног төхөөрөмжид гар утасны аппликэйшн, харуул хамгаалалтын камерууд гэх мэт олон төрөл багтах тул юуг гүйцэтгэх ажиллагаанд хэрэглэхийг зөвшөөрч, алийг нь хориглох талаар тусгасан байна. УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо цэцийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэж шийджээ. Хуралдаан хаалттай болж, аюулгүй байдлын мэргэжилтэн, зөвлөхүүд мөн оролцсон байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Ганбат “АНУ-д эрүүл саруул ухаантай иргэдэдээ буу эзэмшихийг зөвшөөрдөг. Төр иргэнээ хамгаалж чадаагүй нөхцөлд иргэн өөрийгөө хамгаалах эрхтэй байдаг. Манай улс ч мөн ийм эрх олгох ёстой. Наймхан настай охиныг шоронгоос гарсан этгээд хүчирхийлээд, нүхэн жорлон руу шидсэн хэрэг гарлаа. Төр иргэдээ бүрэн хамгаалж чадахгүй байна” гэв.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон нийт гишүүдийн 62 хувь нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй гэв. Хуралдаанд 45 гишүүн оролцож байна.