Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаан өчигдөр болж, Ард түмнээ хайрлая намаас Улсын дээд шүүхэд өнгөрсөн тавдугаар сарын 31-нд “нам нэр өөрчилсөнтэй холбоотой намын дүрэмд оруулсан нэмэлт өөрчлөлтийг бүртгүүлэх” агуулгатай өргөдлийг хэлэлцээд буцаахаар шийдвэрлэжээ. Учир нь өргөдөл гаргагч нь Улс төрийн намын тухай хууль болон Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд заасан намын дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг Улсын дээд шүүхэд бүртгүүлэх хугацааг хэтрүүлсэн юм байна.
Ард түмнээ хайрлая намын даргаар УИХ-ын гишүүн асан Л.Гүндалайн эхнэр Л.Аззаяа ажилладаг.
Тус намыг УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай 2015 онд үүсгэн байгуулж, Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан. Улмаар 2016, 2020 оны УИХ-ын сонгуульд үүсгэн байгуулсан намынхаа нэрээр тэд өрсөлдсөн ч амжилт ололгүй, ялагдсан. Эцэст нь тус намыг үүсгэн байгуулагч Л.Гүндалай 2021 онд Ардчилсан намын гишүүнчлэлээ сэргээснээр Ард түмнээ хайрлая намын дарга нь Л.Аззаяа болсон. Харин Л.Аззаяа нь өнгөрсөн дөрөвдүгээр сард намынхаа нэрийг Ард түмний хүч нам болгон өөрчлөх хүсэлтийг гаргасан ч хуулийн хугацаа дууссан тул боломжгүй болж буй юм. Иймээс ирэх 2024 оны УИХ-ын сонгуульд Ард түмнээ хайрлая намын нэрээр дахин даагаа нэхэх нөхцөл үүсээд байна.
Мөн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн хуралдаанаас нам үүсгэн байгуулсныг бүртгүүлэх өргөдөл зөрчилтэй хэвээр буюу гишүүний тоо 801-д хүрээгүй байх тул Их Монгол Засахуй Ухаан нам бүртгүүлэх өргөдлийг буцааж шийдвэрлэжээ.